ВИДЕО: Жуулчид "Оюутан цагдаа" нараас ихэвчлэн сим карт хаанаас авж болох, нойл хаана байдаг, Улаанбаатарт юу үзэж болох зэргийг лавладаг байна

ВИДЕО: Жуулчид "Оюутан цагдаа" нараас ихэвчлэн сим карт хаанаас авж болох, нойл хаана байдаг, Улаанбаатарт юу үзэж болох зэргийг лавладаг байна

Цаг агаар тогтуун зуны өдөр Монгол орноор аялж яваа  жуулчид Төв талбайд Чингис хааны хөшөөний өмнө хөргөө татуулан, зүлэг ногоон дээр нарлан сууна. Аялж яваа тэдэнд асуудал, бэрхшээл тулгарахад хэл ойлголцохгүй байх гэсэн хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэх албаныхан бол оюутан цагдаа нар юм. 

ВИДЕО: 

-НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 62 ОЮУТАН ЦАГДАА САРЫН 1,5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Оюутан цагдаа нар бол зуны амралтаараа орлого олохын зэрэгцээ хэлний мэдлэгээ дээшлүүлж буй залуус юм. Тус хөтөлбөрийг 2014 оноос хойш аялал жуулчлал нэмэгддэг зуны саруудад зохион байгуулдаг. Энэ жил тус  хөтөлбөрт 12 их, дээд сургуулийн 62 оюутан хамрагдаж байгаа бөгөөд оюутан цагдаа нь жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай мэдээллээр ханган ажиллах юм. Тэдний цалин сарын 1.5 сая. Энэ сарын 10-ны өдрөөс найман сарын 10-нийг хүртэлх хоёр сарын хугацаанд явагдах тус хөтөлбөрт хамрагдан ажиллаж буй оюутан цагдаа О.Лхагвабаяр  "Би Оюутан цагдаа хөтөлбөрт 2023 оноос хойш хамрагдаж, энэ жил гурав дахь жилдээ ажиллаж байна. Анх оюутны холбооноос гадаад хэлний мэдлэгтэй оюутнуудыг хөтчөөр авна гэсэн байхаар нь  сонирхолтой санагдаад  шууд  бүртгүүлсэн. Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаар гадаад хэлний мэдлэгээ сайжруулж, цалинтай ажиллаж мөн сайн дурын  кредит дүйцүүлэх, гадаад хүмүүстэй танилцах боломжтой байдгаараа давуу талтай байдаг. Бас олон томоохон яам байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Оюутан цагдаагаар ажиллаж байх явцад найз нөхөд, танилууд ихтэй болдог. Өнгөрсөн жилийн наадмаар нэг гадаад иргэн цэнгэлдэх хүрээлэнд өөрийнх нь суудал дээр хүн суучихсан байсанд биднээс тусламж хүссэн. Бид тухайн хүнд суудлын дугаарыг хэлж ойлгуулснаар жуулчин маань баярласнаа илэрхийлэн манай улсад ирвэл заавал уулзаарай гээд сошиол хаягаа солилцсо. Түүнээс хойш одоо хүртэл холбоотой байгаа" гэсэн юм. 

Харин өөр нэг оюутан цагдаа О.Балжинням "Жуулчид ихэвчлэн автобусны буудал хаана байдаг, очиж үзэхийг хүссэн газрыг санал болгохыг асуудаг. Мөн хувиараа аялж байгаа хүмүүс сим карт хаанаас авч болох  зэрэг үйлчилгээний байгууллага мэдэхийг хүсдэг. Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаар хууль эрх зүйн мэдлэг, зөвлөгөө өгөх чадвартай болсон. Мөн гадаад хэлний ярианы чадвар, илүү сайжирсан" гэсэн юм. 

Оюутан цагдаа нарын ногоон өнгийн торон хантаазны баруун энгэрт “Guide for tourist”, зүүн энгэрт гадаадын жуулчдад зориулсан түүхийн дурсгалт газар, үзвэр үйлчилгээ, цагдаагийн байгууллагын хаяг байршил бүхий мэдээ, мэдээллийг “QR” кодод байршуулж, хойд талд “Student police” бичиглэлтэй хантааз, цагаан өнгийн саравчтай малгай өмсгөн аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлдэг байна. Мөн оюутан цагдаа ажилласнаар жуулчин хохирсон, гэмт хэрэгт холбогдсон зөрчил 6-12 хувиар буурдаг гэсэн судалгааг цагдаагийн байгууллагаас гаргасан байна. 

МУИС-ийн дадлагажигч оюутан: Д.МӨНХ-ЭРДЭНЭ