Морьт харвааны тусгайлан сургасан 18 морийг хулгайлж, нядалсан таван иргэнийг 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

Морьт харвааны тусгайлан сургасан 18 морийг хулгайлж, нядалсан таван иргэнийг 12 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адуу энэ сарын 7-ны /2025.06.07/ өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ. Тиймээс цагдаагийн байгууллага болон холбогдох хүмүүс эрлийн ажиллагааг зохион байгуулж, нэр бүхий хүмүүс тухайн адуунуудыг нядалж, бэлтгэсэн байсныг олж тогтоосон байдаг.

Малын хулгайн хэрэгт холбогдсон этгээдүүдийг цагдан хорьж, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Уг хэрэгт 18-29 насны таван хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тухайн этгээдүүд нь морьдыг бүлэглэн хулгайлж, уг хэргээ нуун далдлах зорилгоор морьдын хүзүүнд зүүсэн байсан байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч, жалганд хаясан байсан нь эрлийн ажиллагааны явцад илэрсэн байдаг.

Тэгвэл эл хэргийг үйлдсэн нэр бүхий таван иргэнийг 12 хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан байна.

Тодотговол, 18 морьдыг хулгайлсан Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэг, 3 дахь хэсгийн 3.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа аж. 

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах 2.

Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. 

Ташрамд дурдахад, дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад буй зарим иргэн нь Морьт харвааны холбооны буюу нядалсан адуунуудыг унаж, эдэлдэг хүмүүс байсан гэдэг. Энэ талаар Монголын үндэсний морьт харвааны холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар "Анд найз, ахан дүүсээс ялгаагүй хүлгүүдээ үхсэн байхыг үзэхэд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хулгайч нар өнгөрсөн жил “Дэлхийн нүүдэлчний наадам”-аас мөнгөн медаль хүртсэн, 100 метр замыг 6 секундэд туулдаг “Буурал хээр” гэгдэх хурдан хүлгийг унаж морьдыг минь туусан байсан. Энэ хэрэгт морьт харвааны холбооны шавь нар маань оролцсонд маш их харамсаж байна" хэмээн ярьж байсан юм.