“ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын шалтгааныг тогтоох ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллага явуулж байна

“ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын шалтгааныг тогтоох ажиллагааг цагдаа, тагнуулын байгууллага явуулж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, тухайн үед тус газарт ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Х осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн тус цехэд ажиллаж байсан, ээлжийн дарга, 39 настай Т.Б галд угаартан, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа.

Тэгвэл “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын шалтгаан, хохирлын хэмжээг ирэх долоо хоногт тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ДЦС-3" ТӨХК-д ослын хохирлын хэмжээг шууд тодорхойлоход арай эрт байна. Дахиад долоо хоног хэрэгтэй байна. Өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас ослын газарт нэвтэрч, дүгнэлт гаргах бололцоо авсан. Одоо холбогдох камеруудыг суулгаж байна. 24 цагийн туршид камерын дор гэмтсэн турбиныг задална. Ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэнэ. Энэ ажлыг хууль, хяналтын байгууллагатай цуг хийнэ. Хүсэлтээ өгсөн. Бид ирэх долоо хоногтоо багтаагаад ослын шалтгааныг тодорхой болгож, цаашид сэргэн босгох төлөвлөгөөг эцэслэнэ. Урьдчилсан байдлаар дүгнээд хэлэхэд байшингийн гэмтэлд долоо тэрбум орчим төгрөг, дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг горимоос зөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлэхэд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэмтсэн есдүгээр турбины суурь гайгүй гэсэн дүгнэлт гарах юм бол суурин дээр нь шинэ турбин үйлдвэрлэнэ. Эрчим хүчний салбарт тоноглол үйлдвэрлэдэг 13 компаниас үнийн санал авахаар хандчихсан байгаа. Ойрын өдрүүдэд үнийн санал ирчихнэ. Засгийн газарт танилцуулна” гэв.