Шүүгдэгч Б.Э, Н.А нар бүлэглэн 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр “өвс” гэх нэршилтэй зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, Тоёота Приус (Toyota Pruis) 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон аж.
Анхан шатны шүүх Шүүгдэгч Н.А, Б.Э нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А, Б.Э нарыг гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн обьектив шинжийг “..Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол..” гэж тодорхойлсон.
“Сэтгэцэд нөлөөт бодис” нь хүний эрүүл мэндийг сарниулж, донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн жороор олж авахаас бусад тохиолдолд өөрийн эзэмшлийн болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, бусдад худалдсан, илгээсэн” гэж ойлгох бөгөөд уг үйлдлийн улмаас хор уршиг учраагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.
Хууль бусаар “хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг, хууль бусаар “бэлтгэсэн” гэх үйлдэл нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авсан үйлдлийг тус тус ойлгодог.