Өнөөдөр /2025.06.21/-өөс эхлэн энэ сарын 24-н хүртэл ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22…+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +30…+32 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.