УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "126 гишүүний тоог бууруулж 100 дотор болгох ард нийтийн санал асуулгыг санаачилна" гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Миний хувьд гурван сарын өмнө дарга нарын тоог тоолох гэсэн ч тоог нь алдсан. Одоогоос долоон сарын өмнө 68 гишүүнтэй нийлээд Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гэсэн бичгийг Ерөнхий сайдад өгч байсан. Харамсалтай нь түүнийг хав дараад өнгөрсөн. Улаанбаатар хот дахь яамд болон УИХ, Засгийн газар нь улам томроод байна. Хөдөө орон нутагт ажил хийх аргагүй болсон. Тиймээс аймаг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төрийн албанд ажиллах боломжийг нээж өгмөөр байна. Аймгийн ажлыг хэвийн явуулах нөхцлөөр хангаж өгөхгүй бол Хэмнэлтийн хуулиар хамаг ажлыг гацаачхаад дээрээ илүү томроод байна. Аймгийн ЗДТГ-аас дүүргийн Иргэдийн хурал нь илүү олон хүнтэй ажиллаж байна. Гэтэл сумын Иргэдийн хурал хоёр хүнтэй ажиллаж байна. Аймгийн иргэдийн хурал хэдхэн хүнтэй ажиллаад байна. Цаашид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, хатуу гишүүнчлэлийн асуудлыг оруулж ирэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болгож нэмсэн. Тэр хэрээр ухуулагч, шадар туслах, арыг дааж явдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн санал асуулга санаачилна, дэмжээрэй" гэв.
ВИДЕР: