Х.Нямбаатар нийслэлийн өмчид авсан Ж.Хатанбаатарын эзэмшилд байсан "Элэгний төв"-ийн асуудлаар Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ханджээ

Х.Нямбаатар нийслэлийн өмчид авсан Ж.Хатанбаатарын эзэмшилд байсан "Элэгний төв"-ийн асуудлаар Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ханджээ

"Элэгний" гэх нэрээр танигдсан иргэн Ж.Хатанбаатарын эзэмшиж байсан нийслэлийн өмчийн хэд хэдэн объектыг нийслэлээс буцаан авч, зарим газрыг нь дуудлага худалдаагаар худалдаалаад байгаа билээ. 

Тодруулбал, Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, энэ хүрээнд  тус төвийн "Богд уул" сувилал, "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв", "Эмийн үйлдвэрийн барилга"-ыг нийслэлийн өмчид буцаан авсан байдаг. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ханджээ.

Тодруулбал, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийн менежментийн хувьчлалтай холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас тус төвтэй холбоотой шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар Хотын дарга Х.Нямбаатар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандсан байна.

Тэрбээр, Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмч хувьчлах комисст холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 620 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг шүүх энэ сарын 26-ны өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, "Элэг"-ний Ж.Хатанбаатарын эзэмшилд байсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн барилгыг ашиглалтын хугацаа дууссан, засварлах шаардлагатай гэх дүгнэлт гарсан учир тухайн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэх шийдвэр гарсан байдаг. Мөн барилгыг 4.5 тэрбум төгрөгөөр засварлахаар болж, нийслэлээс тендер зарлаж, засварын ажлыг эхлүүлээд байгаа юм.