УИХ-ын 11 байнгын хороог цөөлж 8 болгох Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын 11 байнгын хороог цөөлж 8 болгох Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.24/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

Уг хуулийн төслийг А.Ариунзаяа нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын зарим байнгын хороог эрхлэх асуудлынх нь хүрээгээр нэгтгэж, цөөлөх юм.  

Тодруулбал, УИХ 11 байнгын хороотой бөгөөд үүнийг 8 болгож цөөлөх аж. Ингэхдээ УИХ-д ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Мөн байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байх, хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн Ёс зүй дэгийн байнгын хорооны тогтоолоор батлах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.