Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-ны өдрүүдэд орон даяар болж өндөрлөлөө. Гэвч энэ үеэр үүссэн харандаа, баллуурын асуудал, шалгалтын зарим тестны асуулт олныг бухимдуулав. ЭШ нь амьдралд нэг тохиох, мэргэжлээ сонгох чухал алхам байдаг учраас арга ч үгүй. Гэтэл үүсээд буй асуудалтай холбогдуулан салбарын сайд П.Наранбаярын хэлж буй тайлбар олны дургүйцлийг хүргэсэн тул олон эцэг эхчүүд, багш ажилчид болон зарим гишүүд ч түүнийг огцрох хэрэгтэйг хэлж байгаа.
-ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АСУУЛТ ХЭТЭРХИЙ ХҮНД, ХИЧЭЭЛИЙН АГУУЛГАТАЙ ТОХИРООГҮЙ ГЭХ ГОМДОЛ БҮТ ДЭЭР ИРЖЭЭ-
Элсэлтийн шалгалтын үеэр ашигладаг балын харандаа нь тест бөглөх явцад амархан хугарч, гарахгүй байх, баллуур нь харандаагаа баллуурдаж чадахгүй зэрэг асуудал энэ жил ч гарсан байна. Мөн Элсэлтийн шалгалтын даалгавар задарсан гэх, шалгалтын даалгавар хэтэрхий хүнд байсан, хичээлээр үзсэн агуулгатай тохироогүй гэх, Монголд ирсэн Солонгос жүжигчний нэр гэх асуулт орж ирсэн зэрэг асуудал үүссэн бөгөөд энэ асуудлаар олон гомдол БҮТ дээр ирсэн байгаа талаар мэдээлсэн.
Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийхдээ, “Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч янз бүр байдаг. Элсэлтийн шалгалтын агуулга хүнд байна гэдэг нь өмнөх жилийн онооноос хэт доошоо унах асуудал ингэж харагдуулдаг. Үр дүнг харахад, Элсэлтийн шалгалтын даалгавар стандарчилсан, сэдвийн тохирцыг хангаж боловсруулсан. Үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөг дөрвөн сарын өмнө мэдэгдэж, энэ хичээл ямар агуулгын хүрээнд байх вэ, 6-12 дугаар ангийн агуулгаас ямар нь хамгийн ач холбогдолтой чухал вэ гэдгийг сонгож боловсруулдаг. Элсэлтийн шалгалтын сэдэв, агуулга, блюпринт буюу үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөөнөөс зөрсөн, түүнээс хүндэдсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар чуулганы хуралдааны үеэр олон гишүүд асуусан бөгөөд салбарын сайд П.Наранбаярын хариулт олныг бүр ч их бухимдуулсан юм. Тэрбээр "Ямар нэгэн байдлаар материал задраагүй. Явдгаараа л явсан. Харамсалтай нь 248 багш хүүхдүүдээ хуулуулсан гэх асуудал үүссэн. Шалгалтын байр луу 7 хүүхэд утастай орсон асуудал үүссэн. Би хар зах дээр байгаа юм шиг яримааргүй байна” гэх зэргээр үүссэн асуудлыг өөрөөр тайлбарлаж, хариулахаас төвөгшөөсөн мэт байсан нь зарим гишүүдийн бухимдлыг төрүүлж, Б.Бат-Эрдэнэ, Н.Батсүмбэрэл нар хатуухан шүүмжлээд авсан.
-Б.БАТ-ЭРДЭНЭ, Н.БАТСҮМБЭРЭЛ НАР БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАНА-
Мөн Монголын багш нарын холбооноос элсэлтийн шалгалтад алдаа гарсан учраас наймдугаар сарын 15-ны дотор дахин зохион байгуулах тухай шаардах бичиг салбарын сайддаа өргөн бариад байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал дээр нэмээд П.Наранбаярын Боловсролын үнэлгээний төвийн захирлаар мэргэжлийн бус хүн буюу Г.Гантуяаг томилсон асуудал шүүмжлэл дагуулж байгаа.
Тэгвэл УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Н.Батсүмбэрэл нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах санал гаргахаар болжээ. Мөн энэ шаардлагад хэд хэдэн МАН-ын бүлгийн гишүүд нэгдэж гарын үсэг зурсан бөгөөд энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийх гэнэ.
П.Наранбаярын хувьд өнгөрсөн оны сонгуулийн дараачаас эхлэн Боловсролын сайдаар ажиллаж байгаа бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахад ХҮН намаас Г.Гантулгыг оруулж ирэх гэж байсан ч болиод П.Наранбаярыг улираах шийдвэр гаргасан. Сайдыг томилох эрх мэдэл Ерөнхий сайдад бий. Улмаар УИХ батламжилна. Мөн хуулийн дагуу салбар хариуцсан сайд буюу Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-ын гишүүд хүргүүлж болно. Улмаар гишүүдийн гуравны нэг нь саналд гарын үсэг зурсан тохиолдолд чуулганы хурлаар хэлэлцүүлэх юм.