Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Төсөв тодотгох гэж буйтай холбогдуулан энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийн өөрчлөлтийг батласны дараа Засгийн газар дахин хуралдаж Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл, Төсвийн тодотголыг албажуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Манай улс хос хамааралтай орон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого, экспортын орлогоос улсын төсвийг бүрдүүлдэг. Тарифын дайн, ойрхи дорнодын хурцадмал байдал манай эдийн засагт сөргөөр нөлөөлж, үндсэн орлого болох нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Үүнээс үүдэн төсвийн орлого тасалдсан. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 71 доллар байна. Бидний хувьд нүүрсийг 80 доллараар өөдрөг төсөөлсөн. Нүүрсний үнэ буугаад ирэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр багассан. Үүнээс болж төлбөрийн тэнцэл алдагдаж, төсөв багассан. Үүнтэй холбоотойгоор жилийн эцэс гэхэд төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй байгаа аж. Бид 33 их наядаар орлогыг тооцсон байсан. Иймээс 2025 оны төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулж, 2026 оны төсвийн төсөөллийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа" гэлээ.
Мөн тэрбээр "Эдийн засгийн ачаалал, хүндрэлийг ард түмний нуруун дээр үүрүүлэхгүй. Төр өөрөөсөө хэмнэлтээ эхлэх бөгөөд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, багш, эмч нарын цалингийн зардлыг бууруулахгүй. Харин төр бүтцээ багасгаж, дарга нарын тоогоо цөөлж, захиргааны зардлаа бууруулах арга замыг хэрэгжүүлж ажиллана. Мөн олох орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, хамгаалах хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл дээр тодорхой 14 шалгуураар эрэмбэлж, эхлээд 4 төслийг үргэлжлүүлнэ. Харин 5 төсөлд хөрөнгө оруулалт татаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Бусад таван төслийг хойшлуулах шаардлага үүсэж байна.
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 төслийн заримыг нь хойшлуулах нөхцөл байдал үүсэж байна. Учир нь, төсвөөс хөрөнгө зарцуулж төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байгаа учраас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хэлбэр рүү чиглүүлэх, энэ хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахаар болж байна.
Нэгэнт төсөвт 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт хийх учраас дарга нарын гадаад, дотоод томилолтыг багасгах, орон тоогоо цөөлөх, хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажилд төр хөрөнгө зарцуулж ажиллах шаардлагагүй гэж үзээд тодорхой зардлыг хасна. Тухайлбал, удахгүй зохион байгуулагдах "Монголын Эдийн засгийн форум"-д улсын төсвөөс санхүүжилт гаргах боломжгүй гэдгийг зохион байгуулагчдад илэрхийлсэн. Аль болох хувийн хэвшлийн оролцоон дээр төр дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран ажиллахаар зохион байгуулагчидтай ярилцлаа” гэлээ.
ВИДЕО: