Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах саналыг нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо чуулганы танхимд гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэсэн. Хоёрдугаарт зарчимтай байна гэж мэдэгдсэн. Гуравдугаарт үнэн байна гэсэн. Тийм ч учраас УИХ 94 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Энэ Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Боловсролын сайд П.Наранбаяртай холбоотой асуудлыг өнөөдөр танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлагыг албан ёсоор өгөх гэж байна.
Нэгдүгээрт, 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр А/ 72 дугаар тушаалаар сургуулийн менежментийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа албан ёсоор зарласан. Өөрөөр хэлбэл 2025 оны улсын төсөвт үүнийг тусгах замаар санхүүжүүлэхээр тушаал болгож гаргаж байсан. Үүнд тухайн үед гишүүд шүүмжлэлтэй хандсан. Гэтэл 120 сургууль жагсаалтаар батлаад, сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай үйл ажиллагаанд хамрагдах гэдгээр сургууль болгонд 10 сая төгрөгийг олгох замаар 1.2 тэрбум төгрөгийг тараан байршуулсан. Үүний дараагаар 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу "Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв" ТББ руу буцаагаад 10 сая төгөргөө татан төвлөрүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл Шинэ Монгол руугаа өгөх гэж байсныг эсэргүүцсэнийг нөгөө талд нь 120 сургуульд хувааж өгөөд буцаан татсан гэсэн баримт байна. Энэ бол яалт ч үгүй авлигал, ашиг сонирхлын асуудал. Г.Занданшатар Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд найрыг шууд чөлөөлнө гэж амласан учраас энэ үгэндээ эзэн байгаасай гэсэн үүднээс Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг тавьж байгаа юм" гэлээ.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, “Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил олон хүүхэд өгсөн. Хүүхдүүд бол Монгол Улсын баялаг. Үнэт зүйл. Ирээдүйд эх орноо авч явах энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон асуудал гарсан. Мөн ЭШ-тай холбоотойгоор зарим хүүхдүүдийн оноог өөрчилж, өсгөж өгсөн гэх баримтууд байгаа. Жишээлбэл Дархан-Уул аймгаас ирүүлсэн мэдээллээр шалгалт дээр тааруухан оноо авсан хүүхдийн оноог өсгөж, 71 оноотой болгосон байсан. Ийм байдлаар БҮТ-ийн даргын хийдэг, магадгүй сайдын өгсөн чиглэлийн дагуу хийсэн байж болзошгүй үйл ажиллагаанууд яригдаж байна. Хоёрдугаарт шалгалтын агуулгуудыг дураараа өөрчилдөг юм байна, хүүхдүүдэд буруу чиглэл өгдөг юм байна. Энэ асуудалд салбарын сайд нь "ийм асуудал болж байдаг" гэдэг байдлаар хандаж байгаад харамсалтай байна. Гэхдээ тэр хүүхдүүдийг буруутгах арга алга. Цаашид ЭШ-ийг боловсронгуй, ил тод болгож, оноо өсгөдөг гэх асуудлыг тодорхой болгохгүй бол болохгүй. Иймд Монгол Улсын хүний хөгжил, боловсролоор тоглож байгаа энэ хүн дээр хариуцлага тооц гэдэг улс төрийн шаардлагыг эрх бүхий этгээдэд хүргүүлж байгаа юм" гэлээ.
ВИДЕО: