Сүүлийн хоёр өдөр орсон түр зуурын усархаг борооны улмаас нийслэлийн зарим автозамуудад эвдрэл, гэмтэл, цөмрөлт үүсээд байна. Тэр дундаа өнгөрсөн онд шинэчилсэн автозамууд эвдэрч, цөмрөөд байгаа нь чанарын шаардлага хангаагүй автозамууд барьж, төсвийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа нэг жишээ юм. Үүний нэг илрэл нь "Blue sky"-ийн урд талын авто зам. Тодруулбал өчигдөр /2025.06.26/ орсон хүчтэй аадар борооны улмаас "Blue sky"-ийн орчмын автозам болон явган хүний зам цөмөрсөн нөхцөл байдалтай байгаа бөгөөд бид энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
ВИДЕО:
Энэ баршилд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Улмаар өнгөрсөн оны 10-р сард нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байдаг. Тус компанийн төлөөллөөс зарим мэдээллийг тодруулахад, “Энд үүссэн асуудал бидний буруутай үйл ажиллагаанаас боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сард нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн үед технологийн алдаатай хийсэн байна. Гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд тухайн автозамын засвар шинэчлэлтийг хариуцдаг. Бидний алдаанаас болж, иргэн эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирох юм бол бид хариуцлага хүлээнэ” гэв.
Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдийнх нь туслан гүйцэтгэгч компани хийсэн ба Нийслэлд хүлээлгэн өгөөгүй байна. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.