УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.27/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй, 5 нам, эвслийн оролцоотой, жендерийн эрх тэгш байдал, нийгмийн бүлэг сегментийн төлөөллийг хангасан парламент бүрдсэн. Парламент хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж, стратегийн бодлогын бичиг баримтыг баталсан. “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоол хүн төвтэй байх үндсэн зарчим дээр суурилах зорилгыг намрын чуулганаар бид хэлэлцэн баталсан. Энэ хаврын чуулганаар Монгол Улсад хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлуулах бүх үйл явцыг зохицуулдаг суурь хууль болсон Хууль тогтоомжийн тухай хууль УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад хэрэгжих хуулиуд хүн төвтэй үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, цаг үеэсээ хоцрохгүйгээр, хүний эрхийн зөрчлийг үүсгэдэггүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хууль олон журам дагаж хүчин төгөлдөр байдаг бус хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа бие даан хэрэгжүүлж чаддаг болох үндэс суурийг тавьж байна” гэж онцлов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.