Газар чөлөөлөлтийн сан байгуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжжээ

Газар чөлөөлөлтийн сан байгуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.06.30/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зайлшгүй шаардлагаар чөлөөлж байгаа газруудад нөхөн олговор олгож, Азийн хөгжлийн банкны жишиг загварын дагуу үнэлгээг хийж, чөлөөлсөн газар дээрээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох, чөлөөлсөн газар дээр орон сууц барьж худалдан борлуулах, төвлөрсөн орлогыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулдаг газар чөлөөлөлтийн сан байгуулахаар тусгаад байна.

Мөн замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан зөрчлийг хиймэл оюун ухаан ашиглан хяналт тавих шийдлийг хэрэгжүүлж, 2030 оны зургаадугаар сарын 1 өдрөөс буруу гар талдаа хүрдтэй машиныг импортлохгүй байхаар тусгаад байна.

Түүнчлэн Банкны тухай хуульд болон Усны тухай хууль гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ. Мөн “Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт” сэдвээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулга, мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд парламентын тусгай хяналтыг хэрхэн хэрэгжүүлдэг мөн хууль эрх зүйн орчныг хэрхэн зохицуулсан байдаг талаар судалгаа хийлгэж энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж дууссан байна. Судалгаанд нийт “Freedom in the world” тайлангийн үзүүлэлтийг харгалзан, Ардчиллын индексээр өндөр үзүүлэлттэй 27 орныг хамруулж, харьцуулан судалсан байна.