Ж.Дуламсүрэн: Наадмын өдөр гар дээрээс ил задгай хоол худалдахыг хориглоно

Ж.Дуламсүрэн: Наадмын өдөр гар дээрээс ил задгай хоол худалдахыг хориглоно

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр /2025.07.01/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Худалдаа үйлчилгээний салбар хорооны гишүүн Ж.Дуламсүрэн “Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлгөөнт тоглоомын 576 цэг гаргана. Үүнээс хоол үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд зориулсан 206 цэгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, Хүй долоо худагт 280 зөвшөөрлийг олгоно. Соёлын далбаат буюу жижиг дунд үйлдвэрлэгчдийн талбайд 90 зөвшөөрлийг олгохоор болсон. Энэ жил хоол үйлдвэрлэлийн чиглэлээр Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн аж ахуй нэгжүүд ажиллана. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хувь хүн биш аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгоно. Худалдаа эрхлэгчдийг хувь хүнд олгоно. Хүй Долоо худагт Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгжүүд хуваарилагдан ажиллана. Энэ жилийн хувьд “Онлайн бизнес төв”-ийн мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуй нэгж байхыг шаардаж байгаа. Энд бүртгэлтэй аж ахуй нэгжүүд нь тогоочийн мэргэжлийн үнэмлэх, шаардагдах бичиг баримттай байна. Мөн үйлчилгээнд хамт ажиллах хүмүүс эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан цагаан дэвтэртэй байх бөгөөд сүүлийн зургаан сараар бөглөгдсөн байна. Нэмээд хүсэлтийг авна. Хүсэлтийг өнөөдөр /2025.07.01/ 16.00 цагаас өмнө Ulaanbaatar.mn хаягаар авна. Долдугаар сарын 03-ны өдөр бүртгэлийг хаах бөгөөд 4-ний дотор шалгаруулалтыг хийж аж ахуй нэгжүүдэд мэдээллийг хүргүүлнэ. Ус, галын аюулгүй ажиллагаа, хог хаягдалтай холбоотой сургалтыг дүүргүүдэд зохион байгуулна. Нийтийн хоол хийх тогоочоос заавал мэргэжлийн үнэмлэх шаардана. Баяр наадмын өдрүүдэд гар дээрээс ил задгай худалдаанаас хоол авч идсэнээс болж хордлого, гэдэсний суулгалт өвчнөөр өвдөх асуудал үүсдэг. Баяр наадмын өдрүүдэд цаг агаар халуун байна. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг маш ихээр зардаг. Тэгэхээр ил задгай, гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглоно” гэв.