Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч/НИТХ/, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан, Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох зөрчлийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард болж, анхны шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан юм.
Шүүхийн шийдвэрийн дагуу тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Баривчлах төвд саатуулсан байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан өчигдөр/2025.07.04/ Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ уржигдар /2025.07.03/ суллагджээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан энэ талаараа, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төвд 9 хоног суугаад гараад ирлээ. Алдаж оносон олон эрчүүдтэй хамт 9 хоног хоол цайгаа хувааж ууж, баривчлах төвийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, дотоод журамд нь заасан хөтөлбөрийн дагуу хэд хэдэн сургалтуудад хамрагдлаа, чөлөөт цагаараа 750 хуудастай нэг бүтэн ном уншиж дуусгалаа, өөрөө өөртэйгөө бас ярилцлаа, толгойн доторх эмх замбараагүй бодлуудаа цэгцэллээ.
Баривчлах төвд 7-30 хоногийн зөрүүтэй хөгшин залуу янз бүрийн мэргэжилтэй эрчүүд байна. Ихэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан эсвэл гэр бүлийн маргаан эзэлдэг юм бна. Ухаарах нь ухаарч гомдох нь гомдож янз бүрийн сэтгэл зүйтэй хүмүүс тэнд байна. ШШГЕГ-ын харья баривчлах төвийн хамт олны хэрэгжүүлж бга зөрчил гаргаад орж ирсэн иргэдэд зориулсан тодорхой цөөн тооны албадан сургалтууд нь хүмүүст бага ч болов үр дүнгээ өгч хүмүүст нөлөөлж байх шиг мэдрэгдсэн. Нөгөөтээгүүр одоо мөрдөгдөж бга Зөрчлийн тухай хуулийнд ч тэр уг хуулийн хэрэглээнд нь ч тэр дутуу дулимаг засаж сайжруулах олон зүйлс бгаг залуучууд дотор хэлж байна лээ. Мөнх-Эрдэнэ бид хоёрын хувьд учиргүй эвлэрээд ах дүү найзууд болоогүй ч баривчлах төв дотор өмнөх шигээ нэг нэгэнтэйгээ зүй бусаар нэг нэгнээ өдөөд хатгаад байсангүй. Хоёулаа л хоёр талд мөр мөрөөрөө байж, бодох юмаа бодож, хэн хэнийгээ эвгүй байдалд оруулаагүй. Харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг. Би ч бас хүнд юм бодоод явдаггүй. Өнгөрснийг уучилж мартаад явахад асуудал байхгүй. Эр хүний замын хүзүү урт. Үг даана, шүүмжлэлийг хүлээн авна. Харин багийн шартай юм болохоороо гүтгүүлж доромжлуулж хүнд дээрэлхүүлж үзээгүй болохоор хариу үйлдэл хийж бас алдаа гаргах юма. Бид хоёр нэг нэгэнээсээ шүүх хурал дээр зохисгүй үйлдэлдээ уучлалт хүссэн. За тэгээд өөр асуудал байхгүй. Өчигдөр бол сургамж, өнөөдөр бол боломж. Аливаа зүйл бодсоноос өөрөөр эргэхэд Алдааг бусдаас биш өөрөөсөө эхэлж хайх ёстойг дахин² ухамсарлалаа. Миний найзууд амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй. Хэдэн зулзагуудаа их саналаа" гэжээ.