СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд усанд осолдож амиа алдах иргэдийн тоо эрс нэмэгддэг байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд усанд осолдож амиа алдах иргэдийн тоо эрс нэмэгддэг байна

Энэ жилийн Улсын баяр наадмын өдрүүдэд 10 хоног нийтээр амрах тов гарсан. Харин энэ өдрүүдэд иргэд үер усны ослоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь чухал байна. Учир нь жил бүрийн улсын баяр наадмын амралтын өдрүүдээр дунджаар 20 орчим иргэн усанд осолддог гэх тоо бий. Иймд бид Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. 

ВИДЕО:

Манай улсад жилд дундажаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Мөн усны ослоор нас барсан иргэдийн 40 гаруй хувь нь зөвхөн долдугаар сард энддэг гэсэн статистик мэдээлэл байгаа бол усны ослоор нас барсан иргэдийн 90 хувь нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ усанд орж осолдсон гэх сэтгэлд сэрдхийлгэм мэдээллийг ОБЕГ-аас өгч байгаа юм. Тиймээс ч иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын алба хаагчид нийслэлийн есөн чиглэлд завьт болон хөдөлгөөнт эргүүлийг 15 дахь жилдээ ажиллуулж байна.  

-УСНЫ ОСОЛ БОЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ УЧИР ИРГЭД ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ-

Нийслэлийн аврах анги бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Д.Батхангай “Нэг завьт эргүүлийн баг гурван аврагч, нэг жолооч, нэг бүлгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тухайн баг иргэдэд санамж материал тараах, зохих хууль ёсны шаардлагыг иргэдэд тавих, голд хэт ойртсон тээврийн хэрэгслийг холдуулах, дуудлага мэдээлэлд хурдан хариу арга хэмжээ авах зэргийг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэд хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь усанд осолдох шалтгаан болж байна. Мөн БНХАУ-аас авсан стандартын бус хийлдэг гудас, завийг хараа хяналтгүйгээр хүүхдүүдээр тоглуулаад орхидог. Ер нь усны осол бол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Иймд иргэд өөртөө хайртай байж, хариуцлагатай байх ёстой. Мөн дуудлага мэдээлэл өгөхдөө хаяг байршлаа тодорхой, цаг хугацаа алдахгүй өгөх хэрэгтэй байна” гэв.

Энэ жил Нийслэлийн аврах анги, БЗД-ийн онцгой байдлын алба хаагчид усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, онцгой байдлын алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран дадлага сургуулийг хийжээ. Мөн БНСУ-ын онцгой байдлын алба хаагчид манай улсын онцгой байдлын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайшааж байсан юм.

-УСНЫ ОСЛООС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ-

НОБГ-ын БЗД-ийн олон нийтийн хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Пүрэв-очир “Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд завьт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна. НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал ажиллана. Мөн энэ жилийн нэг онцлог бол алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангитай хамтран “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургууль боллоо. Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, БНСУ-ын Үндэсний аврах бригад 119 дүгээр ангийн усчин аврагчид оролцсон. Жил бүр дулааны улиралд гол, усны ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад аврагчдыг сургаж дадлагажуулах, мэдлэг чадварыг бататгах энэ төрлийн дадлага сургууль чухал ач холбогдолтой байдаг. Усны ослоос иргэн бүр өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой” гэлээ.