Баяр наадмын өдрүүдэд буюу 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна. Энэ долоо хоногийн Ням гараг буюу энэ сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.