УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх үү

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх үү

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно.

Хаврын чуулганы ууган хуралдаанаар нэн яаралтай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн  төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.

Хаврын чуулганаар хамгийн эхэнд Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагааг цахимаар явуулах боломжтой болно.

-НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ ЦАХИМААР ХУРАЛДАНА-

Чуулганы хуралдаанаас гадна нам, эвслийн бүлэг ч мөн адил цахимаар хуралдана. Тухайлбал, МАН-ын бүлэг Ардын их хурлын танхим буюу их танхимд хуралдана гэж тус намын бүлгийн ажлын албаны дарга  Н.Энхтайван мэдэгдсэн. Энэ танхим нь 800 хүний суудалтай. Ингэхдээ гишүүд хооронд хоёр метр зайтай байх болон бусад аюулгүй нөхцөлийг бүрэн хангаж хуралдах гэнэ. Харин Ардчилсан намын зөвлөлийн хувьд цөөн гишүүнтэй учир цахимаар хуралдахгүйгээр танхимдаа гишүүд хоорондоо зайтай суух байдлаар хуралдах юм.

Б.БАТЗОРИГИЙН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦЭХ ҮҮ

Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Гол шалтгаан нь ЖДҮХС-аас зээл авсан болон олгосон хэргээр түүнийг шалгаж удахгүй шүүхээр дэнсэлнэ. Тиймээс тэрбээр шүүхийн шийдвэрээс урьдаж гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь энэ аж.

Хүү бага, хугацаа урттай ЖДҮХС-ийн зээлийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас зохион байгуулж, нэр бүхий гишүүддээ олгосон хэргийг Б.Батзориг ганцаараа үүрээд гарч байгаа нь энэ юм.

Уг асуудлаар хариуцлага хүлээх нэг хүн зайлшгүй шаардлагатай. Тэр нь Б.Батзориг болсон. Нэгэнт хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн учраас сонгуулиас өмнө түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, хариуцлага хүлээлгэсэн болгох чиглэлийг намаас нь өгсөн байна.

Тиймээс түүний асуудлыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэнэ гэх мэдээлэл байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө