“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр/2020.04.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг удан хугацаанд шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна.
Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүсийг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм байна.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж байгаа аж.
Харин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж байгаа юм байна.