Комедиан М.Баяржаргал: Бүрэг, ичимхий зангаа ялан дийлэхийн тулд комеди хийж эхэлсэн

Комедиан М.Баяржаргал: Бүрэг, ичимхий зангаа ялан дийлэхийн тулд комеди хийж эхэлсэн

Цахим сүлжээнд хөл хорио тогтоосон хоёр сарын хугацааг хийх юм олдохгүй, хийцгүйрэн өнгөрөөж, уйдаж байгаа талаараа уралдан бичицгээх залуус олонтоо харагдана. Харин зарим залуус хөл хорионы хугацааг боломж гэж харан өөрийгөө хөгжүүлж, өдөр хоногийг уйдах завгүй хөдөлмөрлөж өнгөрөөх аж. Тэдгээр залуусын нэг бол М.Баяржаргал.

Түүнийг комедиан Баяраа гэх нэрээр үеийнх нь залуус андахгүй. Нэгхэн жилийн өмнө сургуулийнхаа арга хэмжээн дээр комеди үзүүлбэр үзүүлж байсан бол одоо нийслэлчүүдийн очих дуртай “UB comedy” клубийн отгон гишүүн. Боксоор хичээллэдэг, циркчин, комедиан, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг 3,5  жилээр төгсөж одоо Мобиком Корпорацид ажиллаж буй энэ залуу “Z” үеийнхний нэгэн төлөөлөл, бас манлайлал аль хэдийн болжээ.  “Би айлын том хүү болохоор зүгээр сууж болохгүй. Аав, ээж, дүү нар маань надад итгэж, найддаг. Манай үеийнхэн ч гэсэн өөрсдийгөө “улсын том хүү” гэж харах хэрэгтэй. Улс орон бидний үеийнхэнд найдаж байгаа. Тиймээс боломжийг алдахгүй сурч, хөдөлмөрлөх нь хамгийн чухал” хэмээн ярих түүний ярилцлагаас та “Z” үеийнхний үзэл бодол, хүсэл мөрөөдлөөс гадна түүний комедиан болсон сонирхолтой түүхийг уншаарай.

-БАГАДАА ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ БАЙСАН БОЛОХООР БОКСООР
ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН-

-Сайн байна уу. Хүмүүс таныг “UB комеди” клубийн гишүүн гэдгээр тань илүү мэддэг. Тэгвэл хүмүүсийн мэдэхгүй Баяржаргалын талаар ярьж өгөөч?

-Сайн. Сайн байна уу. Намайг Мөнхбат овогтой Баяржаргал гэдэг. Би 21 настай айлын том хүү.  Гурван дүүтэй. Бага байхдаа боксоор хичээллэж, дунд сургуулиасаа циркийн үзүүлбэр үзүүлж эхэлсэн. Зургаан настайдаа анх сургуульд ороод 2016 онд Санхүү Эдийн Засгийн Их сургуульд бизнесийн удирдлагын ангид элсэн  3,5 жилээр энэ өвөл төгссөн. Одоо Мобиком Корпорацийн Бодлого зохицуулалтын хэлтэст ажиллаж байгаа.

-Цирк, бокс, комеди, их сургууль гээд энэ олон ажлыг яаж амжуулдаг юм бэ? Гурван дүүтэй, айлын том хүүгийн хувьд их л завгүй байдаг байх?

-Би багаасаа боксоор хичээллэдэг байсан. Бараг найман жил хичээллэсэн. Дунд ангид циркт ороод боксоор хичээллэхээ больсон. Есдүгээр анги хүртлээ циркээр таван жил хичээллэж байгаад 11-р ангиасаа дахин хичээллэж эхэлсэн. Бокс, цирк нэг жил давхацсан гэх үү дээ. Харин оюутан байхдаа чөлөөт цагаараа комеди хийж эхэлсэн. Хичээлээ тараад оройн цагаар комеди клуб дээр очдог байлаа. Бокс, цирк, их сургууль, комеди хоорондоо нэг их давхцаагүй болохоор ачаалал гайгүй байсан байх. Гэхдээ хамгийн гол нь цаг төлөвлөлт гэж бодож байна.  

-Циркийн ямар үзүүлбэр үзүүлдэг байв. Циркийн үзүүлбэр үзүүлэхэд хамгийн чухал нь юу байдаг вэ?

-Би одоогийн Азийн хамгийн анхны циркийн сургууль болох Монгол Улсын Консерваторийн циркийн ангийг төгссөн. Сургуульд жонглёр, тэнцвэр, акробат, утас, гимнастик гэсэн таван төрлөөр хичээл заадаг. Би шидэлттэй акробат, духан дээрээ таван метрийн урт турбо тавин тэнцвэржүүлж, тэрэн дээр хүн авирч доош буудаг үзүүлбэр үзүүлдэг байсан. Циркийн үзүүлбэрт хамгийн чухал нь бэлтгэл гэж бодож байна. Зарим циркчид аравхан минутын үзүүлбэр үзүүлэхийн тулд арван жил бэлтгэл хийдэг. Бас нэгэндээ итгэх итгэл хамгийн чухал. Дээш хөөрдөг үзүүлбэр үзүүлдэг хүмүүс доор үлдэж байгаа хүмүүст амь нас эрүүл мэндээ даатгадаг шүү дээ. Доор байгаа циркчид дээрээс хүн ямар нэгэн байдлаар унавал яаж ч байсан тосож авах ёстой. Тийм үед өвдөг тохойгоороо нүүр рүү цохиод унах тохиолдол ч бий. Бас эрүүл мэндээ золиослодог учир их хариуцлагтай байх хэрэгтэй. Би нэг удаа таван метрийн өндөр дээрээс унаж байсан. Гэхдээ нэг их бэртэл аваагүй ч хамраа бага зэрэг бэртээж байсан.

-Найман жил гэхээр удаан хугацаагаар боксоор хичээллэсэн юм байна. Боксыг яагаад сонирхох болов?

-Багаасаа их бүрэг, ичимхий, “дотогшоогоо” хүүхэд байсан. Даруухан болохоор ч тэр үү их дээрэлхүүлдэг байлаа. Тэгээд л бие хамгаалах урлагаар хичээллэж, бокс сонирхох болсон. Урт хугацаагаар хичээллэсэн болохоор цаашдаа мэргэжлийн тамирчин болно гэж боддог байсан.

-Тэгвэл боксоо орхиод яагаад санхүүгийн мэргэжил сонгосон юм бэ?

- Аав маань анх “Миний хүү цирктээ байж бай” гэж хэлдэг байсан. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар хүнд менежментийн удирдах чадвар хэрэгтэй, бас ирээдүйд бизнес хийнэ гэж бодож, сонгосон. Ер нь хүмүүсийн хэлж байснаас эсрэг сонголтуудыг хийсэн гэх үү дээ. Бас Монголд спорт, урлагаар амьдрахад хэцүү шүү дээ.

-Ичимхий бүрэг хүүхэд байж. Одоо өөрийгөө хэр нээлттэй хүн болсон гэж боддог вэ?

-Одоо ч гэсэн  нэг нээлттэй хүн биш ээ. Гадуур явахад сайн таньдаг хүн биш л бол, хүмүүстээ бараг юм дуугардаггүй. Дуугарах гэхээр цаанаасаа ичээд байдаг юм. Хичээл дээр ч илтгэл, үзүүлэн тавихдаа хүртэл сандардаг. Тийм учраас энэ байдлаа ялах гэж л комеди хийж эхэлсэн.

-ЭРГЭЭД ДҮҮ НАР МААНЬ МИНИЙ БИЧЛЭГИЙГ ҮЗЭХЭД НҮҮР
БАРДАМ БАЙХЫГ ХҮСДЭГ-

-Хэзээнээс комеди хийж эхлэв. Анхны тайзан дээр гарахдаа хэр зэрэг сандарч байв?

-Их сургуульдаа хамгийн анх “UB сomedy”-оос санаа авсан  “UFE comedy”-г зохион байгуулж байлаа. Анхны тайзан дээр төсөөлж байснаас  маш олон хүн ирчихсэн байсан. Оюутнуудын дунд анх удаа комеди үзүүлэх гэж байсан учраас нэлээн хүлээлттэй байсан юм. Хүлээлтэд нь хүрэхгүй бол яана аа, хүмүүс инээхгүй байвал яах вэ гэж их айж, сандарч, тайзан дээр гартал хөл чичирч байсан. Тэгтэл хүмүүс бодсоноос илүү их инээж, эерэгээр хүлээж авсан. Дараа нь “UB comedy”-н тайзан дээр  гарахад ч маш их сандарсан. Яагаад гэвэл сургуульдаа анх комеди хийхэд зөвхөн оюутнуудын дунд, үеийнхэндээ тааруулсан, тэдний ойлгох зүйлийг ярьдаг байсан. Гэтэл “UB comedy”-г манай аав, ээж, ах, эгч нарын үеийн хүмүүс үздэг. Тэгэхээр миний ярих юмыг ойлгох эсэх нь их чухал. Энэ мэт олон шалгууртай нүүр тулсан. Тэр шалгуураар ичимхий байдлаа ялан дийлж, нээлттэй болох нь миний зорилго байсан.

UB comedy”-д анх яаж орсон бэ. Урилга авсан уу?

-Комеди клуб дээр даваа гариг болгон “Open mic” буюу “Нээлттэй микрофон” зохиогддог байсан. Тэрийг бид нар “тамын тогоо” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл олон хүн цугласан ч хэн ч инээдэггүй. Учир нь дандаа өрсөлдөгч нар эсвэл өрсөлдөгчдийг дэмжихээр ирсэн хүмүүс байдаг. Ирсэн хүмүүс зөвхөн найзуудынхаа үзүүлбэр дээр л инээдэг, алга ташдаг. Тийм болохоор хэцүү байдаг байлаа. Анх тэнд оролцдог эхэлсэн. Хүмүүс инээхгүй болохоор шантардаг байсан ч “Өөрийгөө нээх гэж, ичимхий зангаа засах гэж” ирсэн гэж бодоод бууж өгөөгүй.

-Анх комеди хийж эхлэхэд аав ээж тань яаж хүлээж авсан бэ?

-Комеди тоглолтууд ихэвчлэн дандаа оройн цагаар болдог. Тийм болохоор оройтож ирэхээр аав ээж гайхна шүү дээ. Анх би дууны тэмцээнд орж байгаа гэж хэлдэг байсан. Дараа нь хүмүүсийг инээлгэдэг тэмцээнд орж байна гэдэг болсон. Удалгүй аав ээж маань Идэрээ ахын бичлэгийг үзээд мэддэг болсон. Идэрээ ах ээж аавыг маань намайг дэмжихэд  нөлөөлсөн гэж боддог.

-Комеди клубээс хэнээс хамгийн их үлгэр дууриал авдаг вэ. Бас ямар комедиан болохыг хүсдэг вэ?

-Бүх ах эгч нараасаа үлгэр дууриал авч суралцдаг. Бүгдээрээ мундаг хүмүүс. Миний баримталдаг нэг зүйл бол хараалын үг хэрэглэхгүй байх, Идэрээ ах шиг эерэг сэдвүүдээр комеди хийх. Эргээд хэдэн жилийн дараа дүү нар маань миний бичлэгийг үзэхэд нүүр бардам байхыг хүсдэг. Бас хамаатан садны хүмүүс ирээд аав, ээж бичлэгийг маань үзүүлэхэд ичих зүйлгүй байхыг хичээдэг. Комеди бол нэг төрлийн урлаг шүү дээ.

-КОМЕДИГИЙН АЧААР БҮРЭГ ИЧИМХИЙ ГЭЖ БОДДОГ
БАЙСАН ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ ЧАДСАН-

-Комеди шоун дээр ярих зүйлсийнхээ санааг яаж олдог вэ?

-Гадуур явж байхдаа, өдөр тутамдаа ажиглалт их хийдэг. Инээдтэй санагдсан зүйлсээ, эсвэл яг тэр үед трэнд болж байгаа үйл явдал, хүмүүсийн өдөр тутамдаа байнга тааралддаг ч анзаардаггүй зүйлсээс санаагаа олдог. Сүүлдээ их ажигч болчихдог юм байна лээ.

-Олсон санаагаа яаж боловсруулдаг вэ?

-Олсон санаагаа “Mind map”/оюуны зураглал/ хийх зарчмаар боловсруулдаг. Комеди дотроо найман төрөлд хуваагддаг. Би “celebrity” буюу олны танил, алдартай хүмүүсийг элэглэн, хошигнодог төрөлд их дуртай. Хүний гол өгөгдөл, онцлогийг нь ажиглан оюуны зураглалаар холбоод энэ сэдвийг ингэж задална гээд л зурагладаг. Жишээ нь Идэрээ ахаар сэдэв хийлээ гэхэд эхлээд түүнтэй холбоотой зүйлсийг бичнэ. “Шарк танк”, “Call pro” нүд гэх мэт.  Цаашилбал “Шарк танк” Монгол телевизтэй холбоотой, Монгол телевизээс “Намайг сонгооч” нэвтрүүлэг гээд тэрнээсээ цаашаа дахиад л задлаад бичнэ. Комеди их богино хугацаанд үргэлжилдэг болохоор өгүүлбэр бүр нь инээдтэй байх хэрэгтэй. Би одоо ч суралцагч.  Тиймээс толгойгоо маш сайн ажиллуулах хэрэгтэй болдог.

-Комеди, бокс, цирк, сургууль, ажил гээд ер нь хамгийн хэцүү санагддаг нь аль нь вэ?

-Хамгийн хэцүү нь гэвэл дүү нараа харах юм уу даа. Би зун, өвлийн амралтаараа амардаггүй дүү нараа хардаг. Дөрөвдүгээр ангиасаа хойш “тогоо барьсан”. Хамгийн том дүү маань ес, дундах нь дөрөв, бага нь арван сартай. Дүү нараа цэцэрлэг сургуулиас нь авна, хооллоно, унтуулна, унтуулж байхдаа хоолоо хийнэ гээд л завгүй байдаг даа.

-ЗАЛУУ ХҮН ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ
БАЙХ ЁСТОЙ УЧРААС ӨНДӨР ҮНЭЭР УЛС ТӨРИЙН 
PR ХИЙХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ-

-Тэгвэл хамгийн гоё мэдрэмж авдаг нь аль вэ?

-Бүгдээрээ л сайхан мэдрэмж өгдөг. Дүү нараа өсч, шинэ юм сурч, инээгээд тоглож байгааг харах хамгийн дуртай. Циркт маш их бэлтгэл хийдэг. Тэрнийхээ үнэ цэнэ, үр дагаврыг хүртдэг нь сайхан. Олон улсын фестивальд оролцоход “Монголия” гээд л манай улсын туг далбааг мандуулахад гоё мэдрэмж төрдөг. Комедигийн ачаар бүрэг ичимхий гэж боддог байсан өөрийгөө ялж чадсан нь сайхан. Хүмүүс миний ярьсан зүйлд инээж байгааг  харах дуртай. Зарим хүн намайг жоохон гээд дутуу үнэлэх үе гардаг. “Өө энэ жоохон юм чинь үзэхгүй” гээд босож явдаг хүмүүс бий. Гэхдээ дараа нь миний ярьсан зүйлд инээж байгааг харах гоё байдаг.

-Ярилцлагаа арай өөр тийш нь хандуулъя. Таны хөтөлдөг 70000 гаруй дагагчтай “DUFE LIFE” пейж хуудсаар дамжуулан өндөр үнээр улс төрийн PR хийх санал тавьсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Үнээн. Мэдээж би зөвшөөрөөгүй. Би энэ пейжээр өөрийн хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлэхийг хүсдэг. Цаашдаа брэнд болгох зорилготой байгаа. Залуу хүний хувьд өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй байх хэрэгтэй. Тийм болохоор улс төр, шашин шүтлэг, нам, эвслээс хараат байхыг хүсдэг.

-Хэрэв ямар нэгэн улс төрийн реклам, сурталчилгаанд оролцох санал ирвэл хүлээн авах уу?

-Тэр сурталчилгаа нь ямар нэгэн хүнийг дэмж гэж тулгасан биш. Харин залуу хүний улс төрийн оролцоо чухал, сонгуулиа өгөх нь ямар ашиг тустай гэдгийг ойлгуулсан байвал оролцоно гэж бодож байна.

-Таны бодлоор “Z” үеийнхэн хэр улс төрийн оролцоотой байх ёстой вэ?

-Одоо улс төрд иргэдэд календарь, бетон тарааж дээр нь өөрийгөө сурталчилж бичсэн эсвэл жижигхэн зүйл дээрээс өөрийгөө мундаг гээд харуулчихсан хүмүүс гарчихсан байна шүү дээ. Үүнийг нь залуус ч мэддэг болчихсон. Мэдээж өөрчлөх хүмүүс нь залуу үеийнхэн өөрсдөө. Бид л хөдөлж, дуугарч байж улс орон маань хөгжинө. Тиймээс хөгжилтэй сайхан оронд амьдарч, сурахыг хүсэж байгаа бол улс төрийн оролцоотой, сонгуульд саналаа өгдөг байх хэрэгтэй.

-Тэгвэл залуу үеийнхэндээ хандаад үг хэлбэл?

-Би айлын том хүү учраас зүгээр сууж болохгүй. Аав, ээж, дүү нар маань надад итгэж, найддаг. Манай үеийнхэн ч гэсэн өөрсдийгөө “улсын том хүү” гэж харах хэрэгтэй. Улс орон бидний үеийнхэнд найдаж байгаа. Тиймээс боломжийг алдахгүй сурч, хөдөлмөрлөөрэй. Одоо коронавирус дэлхий нийтийг түгшээж байна. Ажиглаад байхад сошиалоор дандаа уйдсан, тэр тухайгаа бичсэн залуус байна. Хөл хорионы хугацааг битгий уйтгар гуниг гэж хараасай.  Аливаа зүйлд сайн муу тал бий. Хөл хорионы сайн тал нь хүмүүс илүү биеэ дааж сурч байгаа. Монголчууд коронавирус гарснаас хойш баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч сурч байгаа. Гаднын үйлчилгээний газруудаас хамааралтай байсан бол одоо аливааг гэртээ өөрсдөө хийж сурч байна. Тиймээс хөл хориог амралт биш, өөрөө өөрийгөө хөгжүүлэх хугацаа, амарч байгаа үе тэнгийнхнээсээ түрүүлж алхах боломж гэж хараарай.  

Танхим дүүрэн хүнийг таван минутад инээлгэ гэвэл та чадах уу. Хүнийг уурлуулах амар ч инээлгэх хэцүү. Комеди бол нэг төрлийн урлаг. Энэ урлаг Монголд ид цэцэглэж байна. Энэ цэцэглэлтэд гар бие оролцож буй залуусын төлөөлөл М.Баяржаргалтай ийн ярилцлаа. Хүний төлөвшил, үзэл бодол, хандлага тухайн хүнийг тодорхойлдог. Өөрийн гэсэн үзэл бодлоо “өвөртлөн” мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй түүнд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө