Хөнгөн ялтай хоригдлуудыг суллах нь СОНГУУЛЬ УГТСАН “ШОУ” юу

Хөнгөн ялтай хоригдлуудыг суллах нь СОНГУУЛЬ УГТСАН “ШОУ” юу

-Г.ЗАНДАНШАТАР: ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЭНЭ АСУУДЛЫГ СУДАЛЖ
ҮЗЭХИЙГ ЧИГЛЭЛ БОЛГОСОН-

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж “Эрсдлээс сэргийлэх зорилгоор дэлхийн олон оронд өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Манайд ч мөн хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Ерөнхийлөгчөөс ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс цар тахлын үед өршөөл үзүүлэх асуудлыг судалж байна.Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрөлийг багасгах асуудлыг тусгана" гэж мэдэгдсэн.

Түүний мэдэгдлээс дүгнэвэл хөнгөн ялтай болон 60 аас дээш настай хоригдлуудад өршөөл үзүүлж, шоронгоос суллах нь тодорхой болжээ.

Гэхдээ хэзээ суллах вэ гэдэг нь одоохондоо тодорхой болоогүй байна. Хөнгөн ялтай хоригдлуудыг өршөөлөөр суллахын тулд хууль, эх зүйн холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж бэлэн болгох ёстой. Мөн суллагдах иргэдийн нэрсийг гаргаж нэгтгэнэ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ ажлын бэлтгэл хийгдэж буй бөгөөд хөнгөн яалтай болон 60 аас дээш настай хоригдлуудыг сонгуулийн өмнө суллахаар тохирсон байна.

Хөнгөн гэмт хэрэг гэж юу вэ

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй гэж заажээ.

Тэгэхээр дээрх тодорхойлолтод багтсан болон өндөр настай хоригдлуудад өршөөл үзүүлэх нь.

Манай улс сонгууль бүрийн өмнө хоригдлуудад өршөөл үзүүлдэг жишигтэй болсны ээлжит нь энэ болж таарав. Өнгөрсөн онуудаас харвал  4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль баталжээ.

ТУХАЙЛБАЛ,

  • 1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.
  • 1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй иргэд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх хуулийг баталсан.
  • 2000 оны долдугаар сарын 7. Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2009 оны долдугаар сарын 9.  Өршөөлийн тухай хууль батлав.
  • 2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.  Ингээд сонгуулийн өмнө хоригдлуудыг суллаж байсан.

Энэ хугацаанд Өршөөлийн хуулиар нийт 4340 хоригдол суллагдаж эрх чөлөөтэй болжээ. Цаг хугацааны хувьд харвал үргэлж УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Өршөөлийн суулийг баталж хоригдлуудыг сулласан байна.

-ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН НЭРИЙН ДОР АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН
НАЙМААЧИД ӨРШӨӨГДӨХ ҮҮ -

Энэ удаа ч мөн дээрх жишгээр эрх баригч МАН, УИХ-ын сонгуулийн өмнө Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулж хэсэг хүнийг суллах нь. Тэд уг үйлдлээ коронавирустэй холбон тайлбарлаж буй ч  яг үнэндээ сонгуульд оноо авах гэсэн үйлдэл  гэж хардах хүмүүс олон байна. Суллагдсан хоригдлын ард ар гэр, ах дүү хамаатан садан гээд нийт хэдэн сонгогч байгааг ч тэд тоолохоо мартаагүй.

Үндсэн хуулийн 25.1-д УИХ Өршөөлийн тухай хуулийг батлах бүрэн эрхтэй гэж заажээ.

Гэхдээ цаг хугацааны хувьд хэт ойр өршөөл үзүүлэх нь шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилгоор үгүйсгэх цаашлаад эрх зүйн сөрөг үр дагаврыг авчирдаг гэж зарим хуульчид дүгнэдэг. Гэтэл манай улсын парламент 4-6 жилийн хугацаатайгаар Өршөөлийн хуулийг баталж байна. Энэ нь иргэдийг айдаст автуулах, цагаан захтнуудыг ялаас чөлөөлж, хариуцлагаас мултлах, муйхар нэгэнд гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог гэсэн ойлголтыг өгөх зэрэг сөрөг талтай байдаг. Тухайлбал, Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд дахин онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдэж байсан нэг биш нэлэээн олон жишээг бид мэднэ.

Өршөөлийн хуулиар суллагдсан залуус бага насны охиныг хүчиндсэн хэрэг хэдхэн жилийн өмнө гарч байсан.

Цаашлаад яг одоо авлигал, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй МАН-ын гишүүд ч Өршөөлийн хуульд хамрагдан хэрэг нь замхарч магадгүй юм.