МАН-ын бүлгээс дэмжсэн цахим банкны салбарын шинэчлэл нь М банканд зориулагдсан уу

МАН-ын бүлгээс дэмжсэн цахим банкны салбарын шинэчлэл нь М банканд зориулагдсан уу

Эрх баригч МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа банкны салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, банкны салбарыг шинэчлэх ажлын  хүрээнд холбогдох хуульд өөрчлөлт оруулах, шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж тус бүлэг үзжээ.

Мөн холбогдох хууль тогтоомжийг ойрын хоёр сарын хугацаанд багтаан УИХ-аар яаралтай хэлэлцэж, батлахаар болсон байна.

Энэ хүрээнд цахим банк буюу “М банк”-ийг байгуулах, гадны банкийг оруулах, зээлийн хүүг бууруулах зэргийг нээлттэй ярилцсан байна.

"М банк"-ны хувьд MCS групп үүсгэн байгуулж, 100 хувь цахим үйлчилгээнд тулгуурлан үйл ажиллагааг нь явуулна гэж буй. MSC группийн хувьд тус банкны үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн ч Монгол банкнаас зөвшөөрөл олголгоогүйн улмаас олон жил гацаанд байсан юм. 

-ЦАХИМЖСАН БАНКНЫ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ-

Банкны салбарын шинэчлэлтэй холбоотой хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. 

Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө "Банкны зөвшөөрөл замбараагүй олгогдсон. Татан буугдсан таван банк байна. Харин үйл ажиллагаа явуулж буй 13 банк бий. 3.2 сая хүн амтай, 40,7 их наяд төгрөгийн эдийн засагтай манайх шиг улсад хэдэн банк байх шаардлагатай тооцоог гаргана. Банкууд байгуулагдахаа өөрийн хөрөнгө нь дутуу байдаг.  Энэ бүгдийг цэгцэлнэ.

Хоёр, гуравхан хүн үүсгэн байгуулсан учраас хөрөнгө нь дутуу байхаас өөр аргагүй. Тиймээс банкийг нээлттэй хувьцаат компани болговол олон хувьцаа эзэмшигчдэдтэй болж өөрийн хөрөнгө нь сайн байна. Тэр хэрээр үйл ажиллагаа нь доголдох эрсдэл багасна. Тиймээс эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцлагчдад хүртээмжтэй цахимжсан банкны салбарын шинэчлэлийг Монгол банктай хамтарч хийхээр бэлтгэсэн" гэж хэлсэн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 27-ны өдөр олон нийтэд хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Банкны реформ хийх цаг нь болсон. Банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй “ шүү гэж хэлсэн нь ийнхүү эхлэлээ тавьж байна.  

Ямартай ч МАН-ын бүлгийн онцолж яриад буй цахим банк нь олон жил гацсан М банк гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэрвээ тус банк орж ирвэл банкны үйл ажиллагаа цахимжиж, урсгал зардал хэмнэгдэж иргэдийн төлдөг хураамж элдэв төлбөрүүд багасна гэх мэдээлэл бий. Цаашлаад бага хүүтэй зээл олгосноор одоо үйл ажиллагаа явуулж буй банкууд хүссэн, хүсээгүй дагаад хүүгээ багасгах юм. Тиймээс тус банканд шаардлагатай хуулийн төслийг цэгцлэх нь.  

Дашрамд дуулгахад, Монгол банк өчигдөр бодлогын хүүг есөн хувь болгож, хэрэглээний зээлийг төлөх хугацааг 12 хүртэлх сараар сунгасан юм.