Шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнд иргэд сайн дураараа мод тарих боломжтой

Шинээр баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнд иргэд сайн дураараа мод тарих боломжтой

Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх "Цагдаа" толгой орчим дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажил эхэлжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Отгонсүх санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

-ХҮҮХЭД ЗАЛУУС, АХМАД НАСТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛБАЙ ХИЙНЭ-

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлж, сагс болон хөлбөмбөгийн талбай барьж, дугуйн зам тавих гэнэ. Мөн хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай хийхээр зураг төсөлд тусгажээ. Ингэхдээ орчин үеийн стандартаар гүйлтийн зам тавих юм байна. Түүнчлэн эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах ажээ.

Одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд энэ зун бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Уг цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ногоон байгууламжийн ажилд сайн дураараа оролцох иргэдтэй хамтран ажиллахад нээлттэй бэлэн гэж албаныхан мэдээлэв.




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө