Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны нийлүүлэлт, импортын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр ОХУ-ын төмөр замын тээвэрлэлтийн зохион байгуулалттай холбоотойгоор Евро-92 бензиний тээвэрлэлт хоёр хоног зогссон нь зарим төрлийн шатахууны олдоц буурч, ШТС-уудад дараалал үүсэх шалтгаан болсон гэв. Монгол Улс шатахууны нөөц бүрдүүлэх боломж хязгаарлагдмал тул импортолсон бүтээгдэхүүнээ зах зээлд шууд нийлүүлдэг. Иймээс тээвэрлэлтэд багахан саатал гарахад нийлүүлэлтэд нөлөөлдөг байна. Мөн БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор 51 вагон Евро-92 бензин орж иржээ.
Энэ арваннэгдүгээр сард ОХУ-аас 70 мянган тонн, Казахстанаас 3,000 тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8,000 тонн шатахуун авахаар захиалгаа баталгаажуулсан байна. Ингэснээр нийт 93 мянган тонн шатахууны захиалга баталгаажжээ. Нэмэлт хэлэлцээрүүд амжилттай болбол импортын хэмжээг 100 мянган тоннд хүргэх боломжтойг дэд сайд мэдээллээ.
Одоогоор ОХУ-аас Монгол Улс руу 218 вагон шатахуун тээвэрлэгдэж байгаа нь хэвийн хэрэглээгээр тооцоход зургаан өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ аж. Харин Улаанбаатар төмөр замд үүссэн вагонуудын бөөгнөрлийн дийлэнх нь өвлийн дизель түлшний татан авалттай холбоотой гэв. АИ-92, Евро-92, АИ-95 зэрэг автобензинийг өртөөнд буулгасны дараа ШТС-ууд руу шуурхай хүргүүлж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд шатахууныг зориудаар нөөцөлж, зохион байгуулалттайгаар хомсдол үүсгэсэн асуудал байхгүй гэж Б.Мөнхтамир мэдэгдлээ.