У.Хүрэлсүх: Г.Солтан, Д.Дамба-Очир нар эртхэн өргөдлөө өгөөд яв. Дэмжлэг үзүүлэхгүй

У.Хүрэлсүх: Г.Солтан, Д.Дамба-Очир нар эртхэн өргөдлөө өгөөд яв. Дэмжлэг үзүүлэхгүй

Өнгөрсөн даваа гаригийн МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, нэлээд хатуу үгийг гишүүд рүүгээ шидсэн тухай бид өмнө мэдээлсэн. Дахин сануулбал, тэрбээр “60 тэрбум”, “ЖДҮ”-д нэр холбогдсон гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.

-МАН-ААС УИХ-Д СОНГОГДСОН 65 ГИШҮҮНЭЭС 60 НЬ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГАА ДУУСГАХ НЬ-

Ингэхдээ хөмсөгөө зангидаж, хуруугаараа чичилж, өндөр дуугаар загнасан гэж намынхан нь ярьж байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр ингэж загнах үеэрээ Г.Солтан, Д.Дамба-Очир нарын нэрийг цохоод “Эртхэн өргөдлөө өгөөд яв. Хариуцлагаа хүлээ. Та нарт намын хамгаалалт байхгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй” гэж хэлжээ. Ерөнхий сайдын хэлснээс дүгнэвэл, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг түдгэлзүүлэх асуудлыг тун удахгүй УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэхээр бэлтгэж буй тухай эх сурвалжийн хэлсэн мэдээлэл үнэнд дөхөж очиж байна.

ПРОКУРОРООС Ч “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн” хэмээн мэдэгдсэн билээ. Прокурорын мэдээлэл нэгийг өгүүлнэ. Мөн МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргасан гэж буй. Энэ бүхнээс харвал УИХ-аас явах дараагийн гишүүд нь Г.Солтан, Д.Дамба-Очир нар болж магадгүй байна. Ингэхдээ прокуророос эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирж УИХ-аар хэлэлцүүлэх үед намынхан нь авч үлдэхгүй байх дүр зураг харагдаж байна. Ингэж байж Ерөнхий сайд сонгуульд шударга ёсны дүртэй, сэлэмтэй сонгуульд оролцох нь.

-МАН 60 ГИШҮҮНТЭЙ ТӨГСӨЛТИЙН “БАЯРАА” ХИЙХ ҮҮ-

Хэрвээ бүх зүйл зурсны дагуу явж Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг явуулбал МАН-ын бүлэг 60 гишүүнтэй “төгсөлтийн баяраа” хийх нь. Тэд УИХ-ын ээлжит дөрвөн жилийн хугацаанд таван гишүүнээ тавиад тууна гэсэн үг.  

НЭГ, 2018.06.11 буюу хоёр жилийн өмнө Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож хуулийн байгууллагаар шалгагдаж буй учир УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

ХОЁР, 2020.01.30 Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон хэрэг болон нэр бүхий улс төрчийн нас барсан хэрэгт нэр холбогдсон.

ГУРАВ, 2020.04.03 Б.Батзориг гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өргөдлийг өчигдөр /2020.0415/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн нь явуулах нь тодорхой болсон гэсэн үг. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа төрийн өндөр албан тушаалтнуудад ЖДҮХС-аас зээл өгсөн хэрэгт түүнийг буруутган шалгаж байгаа юм. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болно.

ДӨРӨВ, Г.Солтан, 

ТАВ, Д.Дамба-Очир нар байх уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батзоригийн араас Г.Солтан, Дамба-Очир нарын асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх аж. Үүнээс үзвэл УИХ-ын ээлжит дөрвөн жилийг 65 гишүүнтэй эхлүүлж байсан эрх баригч МАН 60 гишүүнтэй төгсөх магадлал өндөр байна.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө