Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 21 хоногийн тусгаарлалтаас гарах ажээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 21 хоногийн тусгаарлалтаас гарах ажээ

Энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирж, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоногт тусгаарлагдаад байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн  хугацаа дуусаж, өнөөдөр тусгаарлалтаас гарч байгаа ажээ. Харин тэрээр үргэлжлүүлэн 14 хоногийн хугацаанд гэрийн хорионд байж, өөрийгөө тусгаарлах журамтай.

Тус тусгаарлагдаж байх хугацаа гэр бүр, АН, МоАХ-ны гишүүд эргэж байгаа талаар мэдээлж байсан. Тухайлбал өнгөрөгч Лхагва гарагт “АН-ын зарим гишүүд түүнийг Хонхны дуутай эргэсэн” талаар тэрээр мэдээлсэн.

Сонирхуулахад, АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгийн мэдээлснээр “Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас энэ оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.  

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч Ц.Элбэгдож  2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарчээ. Иймд холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон байна.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгчээ. Нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж мэдээлсэн. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хорих асуудал тавиагүй юм.