АН-ын зөвлөл БҮЛЭГТЭЙ болох саналаа УИХ-ын даргад хүргүүлнэ

АН-ын зөвлөл БҮЛЭГТЭЙ болох саналаа УИХ-ын даргад хүргүүлнэ

-ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭДИЙГ ӨНДӨР ДҮНГЭЭР ТОРГОЖ,
ХОРИХЫГ БУРУУ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

Ардчилсан намын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд албан ёсоор элссэн. Тиймээс албан ёсоор найман гишүүнтэй болсон учир Ардчилсан намын зөвлөл БҮЛЭГТЭЙ болох боломжтой болж байгаа аж. Бүлэгтэй болох саналаа УИХ-ын даргад хүргүүлэх юм байна. 

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Халдварт цар тахлаас урьдчилсан сэргийлэх тухай хуульд үндсэн гурван зарчим зөрчигдөж байна.

НЭГДҮГЭЭРТ, Төсвийн тухай хууль болон төсвийн зарим нэгэн  зохицуулалт хийх тухай асуудал нь Үндсэн хуулийн зөрчлийг үүсгэж байна. Эрх баригчид төсвийн зохицуулалтыг хийх эрхийг Засгийн газарт олгож буй нь цар тахлыг далимдуулан дур зоргоороо аашлах боломжийг олгож байгаатай агаар нэг. Тодруулбал, Төслийн 7.1.2 зүйл нь Үндсэн хуулийн 25.1, Төсвийн тухай хуулийн 42 зүйлийг зөрчиж байна.

ХОЁРДУГААРТ, Эдийн засгийн ач холбогдолтой, хүндрэлийг даван туулахад иргэдийн амьжиргааг бодсон зүйл, заалтыг тун бага тусгасан байна. Ер нь энэ хууль цар тахлыг далимдуулж иргэдийг яаж хорьж, торгох уу гэдэг тал руу дэндүү далийсан байгаа нь маш буруу. Тийм учраас манайх эдийн засгийн хүндрэлийг давж туулах багц саналынхаа 9 зүйлийг энэ хуульд оруулах саналтай байгаа бөгөөд ажлын хэсэгт өгөхөөр бэлтгэж байна.

ГУРАВДУГААРТ, Мөн энэ хуультай холбоотойгоор Эрүүгийн хуулийн зүйл, заалт зөрчигдөж байна. Эрүүгийн хуулийн заалтыг давхардууланг оруулж ирж байгааг буруу гэж харж байна. Цар тахлын үед хэн нэгнийг хорьж цагдах, өндөр торгуулиар торгоно гэж буйг буруу гэж байна. Иргэдийг торгохоос илүү сануулах ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарыг хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасаар байна гэж шүүмжиллээ.

-О.БААСАНХҮҮ: СОЛОНГОСЫН ЭСЯ-НЫ ГАДНА ИРГЭД
СУУЛТ ЗАРЛАСАН-

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “БНСУ-д суугаа ЭСЯ-ны гадна монгол иргэд суулт зарлачихлаа. Энэтхэг, Орос, Туркт мөн  ийм үйл явдал болоод байна. Хүнд байдалд орсон иргэд эх орондоо ирэх эрхтэй. Тэр иргэдийг авчрах хэрэгтэй байна. Ялангуяа оюутнуудын байдал маш хүнд байгаа гэж байна.Элчин сайд идэвхтэй ажиллаачээ. Тэнд нь хүмүүсийг яаж тусгаарлах боломж байна гэдгийг судлаачээ. Иргэдийг алагчилсан байдлаар бүртгэж байхаа болиочээ” гэлээ.