Иргэн Г.Баярсайхан нь үзэл бодлоо илэрхийлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шүүмжилсэн байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн 9911..37 дугаараасаа иргэн Г.Баярсайхан руу залгах, мессеж бичих байдлаар дарамталжээ.
Тэд эртний танилууд бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чамд сүүлийн удаа анхаарууллаа шүү. Чи цэргийнхэнтэй болгоомжтой харьцаарай. Муу нусан буу. Бага шантааж хийгээрэй” гэсэн мессежийг илгээж дарамталжээ.
Энэ талаар Шударга ёс бүлгэмийн тэргүүн, иргэн Г.Баярсайханаас тодрууллаа.
-ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫГ ШҮҮМЖЛЭХЭД ИХ ЭМЗЭГЛЭСЭН.
ЦЭРГИЙН ХҮНИЙ ЗАНГААР УЛС ОРНЫГ
УДИРДАЖ БОЛОХГҮЙ -
-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхий сайдын дургүйг яагаад хүргэчихэв?
-Шүүмжлэлд эмзэглэх байдал ардчилсан нийгэмтэй зохицолдохгүй зүйл. Ялангуяа улс төрч хүмүүс шүүмжлэлийг хүлээж авах л хэрэгтэй. Эмзэглээд байвал жинхэнэ улс төрч биш. Бид хоёр мессежээр маргасан. Би төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хормойгүй гэдэг үг бий. Миний тухайд гомдсон зүйлгүй. Гэхдээ сонгуульд ялсан намын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, амлалтаа биелүүлсэн эсэхийг л би шаарддаг. Иргэдийн өмнөөс иргэний хөдөлгөөний байр сууринаас асуудалд ханддаг. Тодруулбал би тухайн намын бодлогыг л шүүмжилсэн. Бүр тодруулбал, коронавирусийн цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хямралын энэ үед Засгийн газар их оройтуулж бодлого хэрэгжүүлж байна гэж шүүмжилсэн. Гэтэл энэ асуудалд эмзэглэж байна лээ.
-Тэгэж шүүмжилсний төлөө таныг сүрдүүлсэн юм уу?
-Би иргэний хөдөлгөөнд ажилладаг хүн. Эрх баригч намын алдаа дутагдлыг шүүмжлэх ёстой. Нийгэмд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн үйл ажиллагаанд эмзэглэх хэрэггүй. Харамсалтай нь хүмүүс илээр шүүмжилж чадахаа больсон байна. Тухайн нам, улс төрийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандахаар алдаа дутагдлаа засахаас илүү “Энэ нөхрийн хувийн амьдрал нь юу билээ. Надад яаж ханддаг байлаа” гэж шууд боддог. Ийм байдал Монголын нийгэмд явган хэрүүл мэт харагдаж байна.
-Энэ бол ардчилсан нийгэм, ардчилсан орон. Гэтэл иргэн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Ерөнхий сайд нь сүрдүүлж болох уу. Энэ талаар та байр, сууриа илэрхийлээч?
-ЖИРИЙН ИРГЭН ШҮҮМЖЛЭХЭД ИНГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ
НАМЫН ГИШҮҮНЭЭ ЯАДАГ НЬ ТОДОРХОЙ-
-Манайх ардчилсан орон л гэдэг. Гэтэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн жинхэнэ ардчилал алга байна шүү дээ. Дарга цэрэг, албан тушаалтанд хууль үйлчилж байна. Н.Энхбаярыг би шүүмжилдэг л байсан. Тухайн үед мөн шүүмжлэл хүлээж авахгүй намайг намаас хөөсөн. Одоо би МАН-ын гишүүн биш. Жирийн иргэн би шүүмжлэхэд ингэж байгаа юм чинь намын гишүүдээ яадаг нь тодорхой биз. Угаас ямар байсныг нь би мэднэ. Улс төрийн нам гэхэд ямар ч ардчилалгүй байна шүү дээ. Цэргийнхэнтэй болгоомжтой харьц гэж сүрдүүлсэн. Буудаж, шоронд оруулахыг л хэлмэгдүүлэлт гэхгүй. Ажилгүй болгох, дарамтлах гэх мэтээр их хэлмэгдүүлж байна шүү дээ. Миний хувьд саяын асуудалд эмзэглээгүй тэгээд өнгөрсөн.
-У.Хүрэлсүх сайд та хоёрт эртний харилцаа бий юу?
-Н.Энхбаярын үед У.Хүрэлсүх их эсрэг байр, сууринаас дуугардаг, шүүмжилдэг байсан. Би ч мөн шүүмжилдэг байлаа. Их дотно биш ч үзэл бодол, таардаг биенээ ойлгодог байв. Харилцаатай байж ирсэн хүнийхээ хувьд шүүмжиллээ гэж ойлгохын оронд эрүүлээр хүлээж авдаг байх хэрэгтэй юм. У.Хүрэлсүх омголон хүн. Цэргийнхээ зангаар улсыг удирдаж болохгүй шүү дээ. Гэхдээ хэлж, ярьж байгаа шигээ хорон муу санаатай биш байх. Ажил бодлогоор явна. Хатуу удирдлага, захиргаадалтаар явахгүй ээ. Энэ бол өөр нийгэм.
-Таныг сүрдүүлсэн талаар та өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байсан. Түүнийгээ яагаад устгасан юм?
-Тухайн үедээ уур хүрээд тавьсан. За тэгээд хүмүүс хоорондын маргаантай холбоотой мессеж учраас орой нь тавиад өглөө нь устгасан.Тодорхой хэмжээний хүмүүс харсан л байна лээ. У.Хүрэлсүх сайд баахан хүн загнаад л ажил хийлгээд, улс орноо хөгжүүлнэ гэвэл худлаа шүү. Учир нь намын дарга бол чиглүүлэх л үүрэгтэй. Намын хамт олны хүчин дээр л ажил явагдана. Мөн төрийн албан хаагчдын нэгдмэл бодлогоор ажил явах юм.
-НАМАА АТГАЖ, ХАРЦААРАА ХӨДӨЛГӨХИЙН ТУЛД АРДЧИЛАЛААС
ЗУГАТААД БАЙНА ШҮҮ-
-Ерөнхий сайд хүн иргэдээсээ шүүмжлэл сонсож чаддаг, уучлалт гуйдаг байх ёстой биз дээ?
-У.Хүрэлсүх бол нам, төрийг хослон баригч хүн болсон. 62 гишүүнтэй намын дарга. Парламентын засаглалтай орны Ерөнхий сайд. Гэхдээ сүүлийн үед парламент нь биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүн нь төр барьдаг болж. Ер нь ардчилалаас ухарсаар байна. Ийм л орон болсон байна. Намынхаа гишүүдийг хэргээр нь барьцаалаад л өөрийг нь шүүмжлүүлэхгүй болгож байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө дарамталж байна гэдэг нь ардчилалгүй орон гэдгийг л харуулж байна. Манай авлигач нар цагдаагаар л сэтгүүлч, иргэний хөдөлгөөний ажилтан, шударга иргэнийг л шалгуулаад байна. Юм өөрчлөгдөөгүй байна. Социализмын үеэрээ байна. Нийгэм огт өөрчлөгдөөгүй байна. Би үүнийг амьдралаараа туулсан. Долоож, цүнх барих, дуугүй номхон хүлцэнгүй явж амьдарч болно. Гэхдээ шүүмжлэхгүй яаж байх юм.
-Танай бүлгэм сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна. Намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийхээр бэлтгэж байна уу?
-Тийм. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх нь их чухал болоод байна. Манай намууд бодлого гаргаж өрсөлдөх байтал баахан мөнгөний худал амлалт өгдөг. Хүмүүсийг хуурч сонгуль явуулдаг. Эрх баригч нь эрх баригч шиг ажиллаж чадсан уу, сөрөг хүчнийхэн сөрөг хүчин шиг байсан уу гэдгээс эхлээд дүгнэлт хийх олон зүйл бий.
Үнэндээ МАН хоёр талцаж үзэлцээд л дөрвөн жилийг барсан шүү дээ. Дархан-Эрдэнэтийн замаа ч тавьж чадаагүй л байгаа биз дээ. Эрх баригч нам дотроо эв нэгдэлтэй ажлаа л хийх ёстой. Анзаараад байхаар эд нар ардчилалаас л зугатаад байна шүү дээ. Нам дотроо ардчилалтай байвал намын дарга нь бүгдийг атгаж, харцаараа байлгаж чадахаа болино шүү дээ. Тийм учраас өөрчлөлтийг, ардчилалыг намдаа бий болгохгүй байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.