Сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргажээ

Сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй өнөөдөр уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонслоо.

СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах бэлтгэлийг базааж байгаа гэв.

Гэсэн ч эрсдэлтэй, бодит аюул байгаа гэж СЕХ-ны гишүүд үзэж байна. Тухайлбал, СЕХ-ны гишүүн Р.Содхүү “…нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон сонгуулийн сурталчилгааг хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг эрхийг нь хязгаарлах боломжгүй…” байгааг эрсдэлтэй гэж үзэж байна гэлээ.

Мөн СЕХ-ны гишүүн О.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл сонгуулийг хэрхэн хийх зөвлөмж гаргаагүйгээс болж зардал хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгаа гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх, нийтийн уулзалт хийх эрх нь хуулиар нээлттэй, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд эдгээр эрхийг хасаж болохгүй байгаа нь цар тахлын үед онцгой анхаарал хандуулах асуудал хэмээн үзэж байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед уламжлалт аргаараа сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-ноос тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ёстой гэсэн юм.

Мөн энэ удаагийн уулзалтаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг шаардахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгаа талаар ярилцав.

Тухайлбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна.

Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодож үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд, УИХ-ын ээлжит сонгуулийг эрсдэл багатайгаар зохион явуулах, сонгуулийн үеэр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлийг тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэлт хийх асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоотой олон талт уулзалт хийхээр боллоо.

Сурталчилгааны зардлын төсөөллөөс Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргийн жишээг дурдахад: 

“Нэр дэвшигч сонин, сэтгүүл, ухуулах хуудсыг өрхийн тоогоор тараана. Үүнд: Сонин-2000 төгрөг, сэтгүүл-2500 төгрөг, ухуулах хуудас-1500 төгрөг гэж тооцов.

Өвөрхангай аймгийн өрхийн тоо 33060, сонгогчийн тоо 75,833

Гарах зардал:

Тараах материалын зардал-198 сая төгрөг

Ухуулагчийн цалин-190 сая төгрөг

Намын ажилтан-115 сая төгрөг

Нийт-503 сая төгрөг

Баянзүрх дүүргийн өрхийн тоо 104,689, сонгогчийн тоо 245,918

Гарах зардал:

Тараах материалын зардал-628 сая төгрөг

Ухуулагчийн цалин-614 сая төгрөг

Намын ажилтан-53 сая төгрөг

Нийт-1,295 сая төгрөг” гэж тооцжээ.




Өнөөдөр хулгана өдөр

48 минутын өмнө