УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, А.Сүхбат, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир нарын гишүүд ноолуурын салбарт тулгамдаад буй асуудлыг засч, залруулах хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг судалж, гаргасан санал дүгнэлтээ танилцууллаа.
Эдгээр гишүүд Засгийн газрыг оновчгүй бодлого хэрэгжүүлсний улмаас малчид хүлээлтийн байдалд орсон, үйлдвэрүүд хүндрэх нөхцөлтэй байна гэж мэдэгдсэн юм.
Тогтоолын төсөл дөрвөн заалттай. Үүнд ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолуурын салбарт зээл олгох, ноолуурын экспортыг дэмжихээр бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлж, хураамжийг тэглэх, малчин өрх бүрт кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, гаднын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах багтаж байна.
Бүх малчдын ноолуурыг кг тутамд 20 мянган төгрөг нэмэхийн тулд 200 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг Засгийн газраас гаргахаар Сангийн яамтай ярилцаж тохирчээ. Ингэхдээ ноолуурын үнийг зах зээлийн зарчмаар нь чөлөөлж тогтсон үнэ дээр нь 20 мянган төгрөгийг нэмэхээр хуулийн төсөлдөө тусгасан байна.