Нарантуултай барьцаж НААДМЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР тохирсон уу

Нарантуултай барьцаж НААДМЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР тохирсон уу

-ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ДОТООДДОО АЛДААГҮЙ,
ХУМИЖ ЧАДСАН ГЭЖ ҮЗЖЭЭ-

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил зохион байгуулах эсэх асуудлаар БСШУС-ын яам, Засгийн газар, Улсын онцгой комиссын түвшинд ярьж эхэлсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.

Тодруулбал, Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор улсын баяр наадмыг хойшлуулах эсэхийг БСШУС-ын яамнаас судлаад гурван хувилбарыг Улсын онцгой комиссын хуралдаан руу оруулсан байна.

Тодруулбал,

  1. Наадмыг бүтэн зохион байгуулах боломжтой
  2. Ёслол төдий өнгөрөөх буюу уламжлал урлаг соёлын үзүүлбэрийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад өнгөрөх.
  3. Огт зохион байгуулахгүй байх.

Ингэхдээ салбар яамнаас наадмыг уламжилж ирсний адил өргөн дэлгэр тэмдэглэх нь маш их эрсдэлтэйн дээр Улсын онцгой комиссын шийдвэртэй зөрчилдөж байна гэдгийг давхар сануулсан байна. Гэтэл Улсын онцгой комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд өнөөдөр Нарантуул зах дээр хэдэн зуун хүн орж, гарсан хөдөлгөөнтэй байхад наадмаа зохион байгуулахад болохгүй зүйлгүй гэх асуудлыг ярилцсан гэх мэдээлэл байна.

Тэд мөн цар тахлыг дотооддоо алдаагүй, тархалтыг хумиж чадсан, дэлхийд дахинд нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа учраас долдугаар сард Улсын баяр наадмыг зохион байгуулж болох талаар санал солилцжээ.

Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд ойрын хугацааг ажиглалтын байдлаар хянахаар болсон байна. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл асуудлыг тухайн үед нь зохицуулж болно гэж үзэж байгаа аж. Ямартай  ч сэрэмжлүүлэг, их хяналт дор наадмаа тэмдэглэж магадгүй боллоо. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл Сүхбаатарын талбайд цөөн дуучин дуулуулж телевизээр бичлэг цацах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр наадамд зориулсан нэвтрүүлэг гаргаж тэмдэглэх аргыг Улсын онцгой комисс сонгож магадгүй аж.

Харин БСШУС-ын яамнаас бөхчүүд нутаг, нутгийн галаараа цугларч бэлтгэл хийнэ, нээлтийн тоглолтын бэлтгэлд урлаг соёлынхон цугларч Тавантолгойд гарна гээд эрсдэл бий болно гэсэн байр, суурьтай байгаа аж.

Ядаж л наадам боллоо гэхэд Хүй долоо худаг, Цэнгэлдэх хүрээлэнд иргэд мянга, мянгаараа цугална, бөхчүүд бөөгнөрч барилдана. Энэ бол вирус тархах ноцтой эрсдлийг бий болгох юм.

-КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР ХОЙШИЛСОН
АРГА ХЭМЖЭЭНҮҮД-

Манай улс уламжлалт Сар шинийн баяраа шинэ төрлийн коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил тэмдэглэлгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, цахимаар цагаалж бие биенийхээ мэндийг мэдсэн билээ. Мөн дэлхий дахинд хүн төрөлхтний их олимп Токио-2020, хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, томоохон кино наадмууд, Ялалтын баярын парад гэх мэт бүхий л тэмцээн уралдаан, үйл ажиллагааг хойшлуулаад байгаа билээ.