Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Эрээн хот болон тус улсын хилээр зорчих иргэдэд бэлэн мөнгөтэй холбоотой гаалийн журмыг мөрдөхийг анхаарууллаа.
Тодруулбал, БНХАУ-ын хилээр нэвтрэх үед иргэд 20 мянган юаниас дээш хэмжээний бэлэн юань, эсвэл 5 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах үүрэгтэй юм. Хэрэв бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хуваан авч явах, худал мэдүүлэг өгөх, эсвэл мөнгөний эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, цаашлаад хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй болохыг анхааруулжээ.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль болон холбогдох журам, дүрмийн хүрээнд шалгаж шийдвэрлэдэг байна. Харин мөнгийг санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй хөрөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалт явуулдаг аж. Иймд иргэд их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас зайлсхийх, боломжтой тохиолдолд банкны шилжүүлэг, төлбөрийн карт болон цахим төлбөрийн хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна. Мөн бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол мөнгөний хэмжээгээ урьдчилан нягталж, гаалийн мэдүүлгээ үнэн зөв бөглөхөөс гадна мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг холбогдох материалыг биедээ авч явах шаардлагатайг онцолжээ.
Түүнчлэн бусдын мөнгө, дайвар ачаа болон эд зүйлсийг авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөсөн байна.
Гадаад харилцааны яамнаас хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэд зорчих улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөжээ.