Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах цайны газрын монгол гэрүүд шатсан дуудлага өнгөрөгч Даваа гараг /2026.06.08/-ийн 10.14 цагт бүртгэгдэж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очиж, уг галыг унтраасан байгаа юм.
Зуны урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотын иргэд "Тэрэлж" рүү явж агаарт гарах нь ихэсдэг. Тэгвэл Налайх дүүргээс "Тэрэлж" явах зам дагуу байдаг "гэр зоогийн газар"-ууд ч энэхүү хүний урсгалыг дагаж хоолоор үйлчлээд олон жил болж байгаа. Тус газарт байрлах зоогийн газруудын хувьд гал тогоо болон үйлчлэгч нар сууж хооллох газрыг тусад нь байлгахын тулд багадаа л хоёр гэр залгуулан барьдаг аж.

-ШАТСАН АРВАН МОНГОЛ ГЭРИЙН ДОЛОО НЬ ДОТРОО ЭЗЭНГҮЙ БАЙЖЭЭ-
Харамсалтай нь, энэ сарын 8-ны өдөр тухайн зоогийн газруудын арван монгол гэр шатсан байдаг. Тэгвэл бид энэ талаар гэр нь шатсан айлуудын хажуугийн зоогийн газрын эздээс тодруулахад, “Гал гардаг өдөр хойноос урагш чиглэлд хүчтэй салхитай өдөр байсан.
Анх гал гарсан зоогийн газрын хувьд тухайн өглөө зургаан хуушуурын захиалга аваад, түүнийгээ хийж дуусаад хуушуур захиалсан хүний автомашин руу нь хүргэж өгөхдөө газаа унтраалгүй гарснаас үүдэн гал дүрэлзсэн байж болзошгүй” гэсэн юм.
Гал түймэр эхлээд алдсан айлын хувьд гурван гэр угсруулан барьсан бол түүний урд мөн адил гурван гэр угсруулан барьсан зоогийн газар байжээ. Мөн эдгээр зургаан гэрийн урд тус бүр хоёр гэр залгуулж барьсан хоёр зоогийн газар байсан аж. Тэнд байсан хүмүүсийн хувьд гал гарч эхэлсэн даруйд Налайх дүүргийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Гэхдээ монгол гэрийн хувьд маш хурдан шатдаг гэдэг. Дан дээвэртэй монгол гэр 5 минутад, давхар дээвэр, туургатай гэр 15 минутад шатдаг гэсэн яриа ч байдаг. Үүнийг ч гал гарах үед байсан хүмүүс баталж ярьсан юм.
Тус гал өдөр хойноос урагш чиглэлтэй хүчтэй салхитай өдөр байсан учраас гал дөнгөж гарсан даруйдаа салхиар туугдаж урагш чиглэлтэй тархсан аж. Гал эхэлсэн байж болзошгүй айлаас бусад гэрийн эзэд нь бүгд байхгүй байжээ. Тус арван монгол гэрийн хувьд 15-20 минут орчмын хугацаанд бүрэн шатаж дууссан байна. Гэхдээ гал сөнөөгчид дуудлага өгснөөс хойш 15 минут орчмын дараа ирж галыг цааш тархахаас урьдчилан сэргийлж, бүрэн унтрааж чаджээ.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас гал гарсны дараа мэдэгдэл хийсэн. Тодруулбал, иргэн М-ийн таван ханатай хоёр гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн С-ийн таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай гурван ширхэг хийн баллон, иргэн Х-ийн таван ханатай хоёр гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн Ц-ийн таван ханатай хоёр гэр болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон уг галд өртсөн хэмээн мэдэгдсэн юм.

-МОНГОЛ ГЭР ХООРОНДЫН ЗАЙГ БАГАДАА 6 МЕТР БАЙХААР ЗААЖ ӨГСӨН Ч ГАЛД ӨРТСӨН АЙЛУУД 2 ОРЧИМ МЕТРИЙН ЗАЙТАЙ БАЙВ-
Гал хурдан тархсан нь салхинаас өөр нэг том шалтгаан бий. Тодруулбал, Налайх дүүргээс зоогийн газруудад зөвшөөрөл олгохдоо галын аюулгүй байдлын үүднээс гэр хоорондын зайг 6 метр байхаар зохицуулалт хийсэн ч шатсан айлуудын гэрийн буурийг харахад нэг том алхам л зай харагдав. Энэ нь галд олон гэр өртөх том шалтгаан нь болсон байж болзошгүй юм. Тус шатсан 10 гэрийн урд байрлах зоогийн газрын хувьд Налайх дүүргээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрийн хоорондох зайг ойролцоогоор 6-10 метр байлгасан нь эд хөрөнгөө хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Энэхүү галаас болж ямар нэгэн хүн бэртэл, гэмтэл аваагүй.
Гэвч гэр хоорондын зай ойроос үүдэн галд олон айл эд хөрөнгөөрөө хохирсон ч тухайн газарт байрлах бусад зоогийн газрууд мөн адил нэг алхмын зайнд гэрээ бөөгнөрүүлэн барьсаар байна.

