Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр болж, бүтцийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах сахилга зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлээр нийт удирдах бүрэлдэхүүнд үүрэг өглөө. Тухайлбал, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй гал түймэр унтраах, аврах ангиудын барилгын ажлын явц, чанарт хяналт тавьж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн улсын хэмжээнд хэрэгжиж буй “БҮҮ БАС” нөлөөллийн аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуух усны эргүүлийг Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын оюутны холбоотой хамтран өргөжүүлэн зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн хэрэгжилтийг хангахыг чиглэл болгосон байна.
Үүнээс гадна нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гал түймрийн эрсдэл, нөхөн сэргээлт, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг, хяналт шалгалт зохион байгуулж, дүүргүүдийн алба хаагчдыг өргөнөөр оролцуулахыг үүрэгджээ. Мөн нийт бие бүрэлдэхүүний сахилга, ёс зүйд тавих хяналтыг сайжруулж, албаны бэлтгэл бэлэн байдлыг ханган, үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж ажиллахыг онцлон үүрэг болголоо.