Б.Пүрэвдагва "Сэлбэ дэд төв"-ийн авто зогсоолоо зарж, үнэт цаас гаргаж, төсвийн тодотголын 640 тэрбумаа олоод Трамвай төслийн II шугамд 350 тэрбумыг нь зарцуулна

Б.Пүрэвдагва "Сэлбэ дэд төв"-ийн авто зогсоолоо зарж, үнэт цаас гаргаж, төсвийн тодотголын 640 тэрбумаа олоод Трамвай төслийн II шугамд 350 тэрбумыг нь зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаан энэ сарын 17, 22-ны өдрүүдэд хуралдах тов гарсан. Тус хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төсөл юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсвийн тодотголын төслийг өргөн барьсан бөгөөд НИТХ-ын Зөвлөл уг төслийг хэлэлцээд ээлжит бус XIII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. Хотын удирдлагын зүгээс төсвийн тодотголоор нийслэлийн орлогыг 38.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар тусгасан гэж тайлбарлаж буй.

"БАРИГДААГҮЙ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ТАЛБАЙГАА БОРЛУУЛЖ 438 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛНО"

Гэхдээ Хотын дарга Б.Пүрэвдавгын өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг харвал нөхцөл байдал арай өөр. Төсвийн тодотголын төслийг дэлгэрүүлэн харвал нийслэлийн төсвийн хэмжээ мэдэгдэхүйц өсөхөөр байна

Тодруулбал, 2026 оны нийслэлийн төсвийг анх батлахдаа нийт зарлагыг 5 их наяд 866 тэрбум 65 сая төгрөг байхаар баталсан бол тодотголоор 6 их наяд 504 тэрбум 17 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нийт зарлага ойролцоогоор 640 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна.

Энд төсвөө хэрхэн нөхөх вэ гэх асуулт гарна. Тэгвэл төсвийн тодотголын төсөлд "Сэлбэ хорин минутын хот корпораци" ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж буй нийт 8575 айлын 113 блок орон сууцны орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолын борлуулалтаас энэ онд 438 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Гэвч энэхүү орлого нь бодитоор төвлөрсөн мөнгө бус, ирээдүйн борлуулалтад тулгуурласан төсөөлөл. Төслийн явц өнөөдрийн байдлаар 23 хувьтай байгаа бөгөөд энэ бол эрсдэлтэй шийдвэр. Өөрөөр хэлбэл, Энэ нь өрхийн төсөвтэй адил. Одоогоор зарагдаагүй байшингаа ирэх жил зарна гэж тооцоод өнөөдөр томоохон худалдан авалт хийж байгаатай төстэй.

"СЭЛБЭ ХОРИН МИНУТЫН ХОТ ТӨСӨЛД БОСГОСОН 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БОЛОН ХҮҮГИЙН ТӨЛБӨР ГЭЭД 600 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫГ 2027 ОНЫ НАЙМДУГААР САРД ТӨЛНӨ"

Мөн нөгөө талд "Сэлбэ хорин минутын хот" төсөлтэй холбоотойгоор босгосон 500 сая ам.долларын санхүүжилт болон хүүгийн төлбөр гээд 600 орчим сая ам.долларыг 2027 оны наймдугаар сард "Нийслэлчүүд" төлөх хуваарьтай байгаа. Иймээс төслийг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, борлуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүргэх нь нийслэлийн хувьд чухал асуудал болоод байна. Төслийн хэрэгжилт, орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд өр төлбөрийн эрсдэл үүснэ. Улмаал улс төрийн хүрээнд Сэлбэ дэд төвийг Засгийн газарт шилжүүлэх асуудал яригдаж эхэлсэн. Хэрэв асуудал иймдээ тулж, эрсдэл гарвал татвар төлөгчдийн мөнгөөр нөхнө гэсэн үг.

"НИЙСЛЭЛ 200 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААСЫГ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖААЛЖ ЗАДАЛАА НӨХНӨ"

Төсвийн тодотголоос харахад Сэлбэ төслөөс төвлөрүүлэхээр тооцсон орлого бүрэн биелэхгүй тохиолдолд үүсэх зөрүүгийн тодорхой хэсгийг 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах замаар нөхөхөөр төлөвлөсөн байна. Тодотголоор иргэдийн төлөх татварын хувь хэмжээ нэмэгдэхгүй ч өмнө нь батлагдсан татвар, төлбөрүүд хэвээр мөрдөгдөж, нийслэл шинээр үнэт цаас гаргах замаар санхүүжилт татахаар байгаа нь мөн л анхаарах асуудал.

"СҮҮ ХӨТӨЛБӨРТ 5 ТЭРБУМ ТӨГРӨГ, СОР-17 АРГА ХЭМЖЭЭНД 70 ТЭРБУМ ЗАРЦУУЛНА"

Харин ингэж олсон мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдгийг тодруулж үзье. Нийслэлийн төсвийн зардлыг урсгал зардал болон хөрөнгийн зардал гэж үзэж болохоор байна. Төсвийн тодотголд урсгал зардлыг нийт 8.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгажээ.

Үүнээс:

  • Дамжуулан зээлийн хэмнэлтээс 4.6 тэрбум төгрөг,
  • Хоёр агентлагийн зардлаас 4.2 тэрбум төгрөгийг тус тус хэмнэхээр байна.

Харин дараах зардлуудыг тусгажээ.

  • Улаанбаатар хотын хийн хангамжийн удирдлагын газар байгуулахад 1.3 тэрбум төгрөг,
  • "Сүү" хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум төгрөг,
  • COP17 арга хэмжээг зохион байгуулах байр болон холбогдох урсгал зардалд 70 тэрбум төгрөг,
  • Орон сууцны засвар болон өрхийн эрүүл мэндийн төвийн барилгад 2.4 тэрбум төгрөг,
  • Үнэт цаас бүртгүүлэхтэй холбоотой зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

"УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСЛИЙН II ШУГАМД 350 ТЭРБУМ, ДЦС-5 ТӨСӨЛД 200 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА"

Хөрөнгийн зардлын хамгийн том багц нь Улаанбаатар трамвай төслийн хоёрдугаар шугамын ажил байна. Улаанбаатар трам төслийн 2 дугаар шугамын ажлын 100 хувь нийслэлийн төсвөөр хийх бол нэгдүгээр шугамыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж буй.

Тодруулбал:

  • Улаанбаатар трамвай төслийн II шугамд 350 тэрбум төгрөг,
  • ДЦС-5 төсөлд 200 тэрбум төгрөг,
  • "Шинэ их тойруу" хурдны замд 4.2 тэрбум төгрөг,
  • "Солонго-1" орон сууцны хороололд 1.3 тэрбум төгрөг,
  • Явган болон дугуйн замын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд 1.2 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.

Хотын удирдлага энэ зун 73.2 км дугуйн зам байгуулах тухай мэдэгдээд байгаа бөгөөд үүнтэй холбоотой судалгаа, зураг төслийн ажлуудыг мөн төсөвт суулгасан байна.

Төсвийн тодотголын төслөөс харахад нийслэл ирэх онд зарлагаа 640 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний томоохон хэсгийг Сэлбэ төслийн ирээдүйн борлуулалтын орлого болон үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцжээ. Харин 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа төслөөс 438 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоолол бодитой эсэх, мөн төлөвлөсөн орлого тасарсан тохиолдолд нэмэлт өр үүсэх эрсдэл бий юу гэсэн асуултад НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн удирдлага хуралдааны үеэр хариулт өгөх шаардлагатай болж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө