Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурал долдугаар сарын 9-нд хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болжээ.
Хүндэтгэлийн чуулганаар хууль, тогтоол болон бусад асуудал хэлэлцдэггүй бөгөөд төрийн ёслолын шинжтэйгээр зохион байгуулагддаг уламжлалтай. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд оролцдог байна.
УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах нөхцөлийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, мөн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх тохиолдолд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болохоор хуульчилжээ. Мөн хуулийн дагуу Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргадаг байна.