Ховд аймгийн Булган, Үенч суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Одоогийн байдлаар тус хоёр суманд нийт 10 голомт бүртгэгдэж, 144 өрхийн 1,239 толгой мал өвчилсөн байна. Үүнээс 1,105 үхэр, 47 хонь, 87 ямаа өвчилжээ. Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор 110 өрхийн 869 үхэр, 34 хонь, 79 ямаа бүгд 982 толгой малыг устгалд хамруулсан байна.
Албаныхны мэдээлснээр халдварын шинэ голомт нэмэгдээгүй ч шинж тэмдэг илэрсэн болон өвчилсөн малын тоо өсөх хандлагатай байгаа аж. Иймд хорио цээрийн болон халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд онцгой анхаарч байгаа юм. Мөн аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын зарим гишүүн өнөөдөр орон нутагт ажиллаж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцан, цаашид анхаарах асуудлаар сум, байгууллагын удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Иймд малчид, иргэдийг хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг аймаг, сумын Онцгой комиссоос уриаллаа.