Ховд аймгийн Мянгад сумын нутагт хэрэгжиж буй газрын ховор элемент олборлох, боловсруулах чиглэлийн Халзанбүргэтэй төслийг түр зогсоох шийдвэр гарчээ.
Тус төслийг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд орон нутгийн зарим иргэн байгаль орчин, усны нөөцөд сөргөөр нөлөөлөх, цацраг идэвхт бодисын эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн эсэргүүцсээр ирсэн юм. Харин Засгийн газар газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд төслийг дэмжиж байсан билээ. Сүүлийн өдрүүдэд төслийн талбай орчимд иргэдийн эсэргүүцэл эрчимжиж, жагсаал, цуглаан зохион байгуулан төслийг бүрэн зогсоох шаардлага тавьж эхэлсэн байна.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга, Ховд аймгаас сонгогдсон гишүүн С.Бямбацогтын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ажлын хэсэг Ховд аймгийн Мянгад сум дахь төслийн талбайд ажиллажээ. Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын тушаалаар зургаадугаар сарын 15-ны өдөр Халзанбүргэтэй төслийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Төслийг түр зогсоосон нь тухайн талбайд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хүртэл үйл ажиллагааг нь хязгаарлаж буй арга хэмжээ болохыг албаныхан мэдээллээ.