Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өчигдөр /2026.06.16/ СБД-ийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 39 настай иргэн болон хоёр настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа сааруулж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчдод зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд Тээврийн цагдаагийн байгууллагаас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөн, явган хүний гарц орчимд хурдаа бууруулан, явган зорчигчдод заавал зам тавьж өгөхийг анхаарууллаа.