УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нийслэлийн 2024-2025 оны төсөв болон мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой хяналтын сонсгол зохион байгуулсан.
Сонсголын хоёр дахь өдөр Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн төслүүдийг хэлэлцэх үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Бид зөвхөн бродюр солиод байгаа мэт ойлголт олон нийтэд түгээд байна. Авто болон явган замын шинэчлэлийн хүрээнд бродюр солигдож байгаа. 2025 онд 97 мянган ам метр явган замыг шинэчилсэн. Мөн бродюртэй холбоотой зөв мэдээлэл өгөх ажлын хэсэг байгуулсан” хэмээн мэдэгдсэн юм.
Түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж, нийслэлд тулгамдсан олон асуудал байхад бродюртай холбоотой ажлын хэсэг байгуулах шаардлагатай эсэх талаар шүүмжлэл дагуулсан. Мөн тус ажлын хэсгийн бүтэц, чиг үүрэг, хүний нөөцийн талаар асуултууд хөндөгдөж эхэлсэн билээ.
Харин холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Бродюртэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаагүй. Ийм асуудал одоогоор яригдаагүй байна. Хэрэв шийдвэр гарвал мэдээлнэ” гэсэн тайлбар өглөө. Ингэснээр УИХ-ын хяналтын сонсголын үеэр дурдагдсан “бродюртэй холбоотой ажлын хэсэг байгуулсан” гэх мэдээлэл бодит бус буюу нийтийн албан тушаалтан дахин худал мэдээлэл өгч гэж үзэж болохоор байна.