Улсын их баяр наадмын амралтын өдрүүд жил бүрийн долоодугаар сарын 10-15-ны хооронд үргэлжилдэг. Хуанлийн байрлалаас шалтгаалан иргэд 5-8 хоног дараалан амрах боломж бүрддэг ч зарим жил баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхцсанаар амралтын хугацаа богиносох тохиолдол байдаг.
Энэ жил Үндэсний их баяр наадмын гол өдрүүд болох долоодугаар сарын 11, 12-ны өдөр амралтын өдрүүдтэй давхцаж байгаа юм. Одоогийн зохицуулалтаар долоодугаар сарын 10-наас эхлэх баярын амралт 15-ны өдөр дуусахаар байна. Үүнтэй холбоотойгоор долоодугаар сарын 11, 12-ны өдрийн амралтыг өөр өдөрт шилжүүлэх эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Элч.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Бид энэ асуудлыг судалж эхэлсэн. Үүнийг шийдвэрлэх ганц боломж нь Засгийн газрын тогтоол гаргах. Миний хувьд жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмаар иргэд олон хоног амарч, нутаг орондоо очих боломжтой байгаасай гэж боддог. Энэ асуудлаар Ерөнхий сайдаас чиглэл өгсөн. Бид боломжит хувилбаруудыг судалж байна. Ойрын өдрүүдэд шийвэр гарах байх” хэмээн мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, наадмын амралтын өдрүүдийг шилжүүлэх эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэн ойрын өдрүүдэд шийдвэр гаргах бололтой.