Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлаар өнөөөдөр /2026.06.19/ холбогдох албад хуралдлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Зөвшөөрлийг хэрхэн олгох, дугаар олгох журам зэрэг хууль хэрэгжихэд шаардлагатай бэлтгэлийг холбогдох албаныхан яаралтай шийдвэрлэж, 2026 оны долдугаар сарын 1-нээс хуулиа хэрэгжүүлж ажиллана. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах үүднээс өнөөдөр хамтдаа суугаад, асуудлаа яаралтай шийдээд нэг гараанаас гарья. Үүний ард хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчны асуудал хөндөгдөж, иргэдээс маш их гомдол ирж байна гэдгийг та бүхэнд хэлье. Нийслэлд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүй ч нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд батлагдсан хуулийн хүрээнд явган зам дээгүүр мопед, скүүтерийг явуулахгүй” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний зам дээгүүр өөр өнгөөр ялгаж мопед, скүүтерийн зам гаргаж, явуулах боломжтой эсэх судалгааг гаргаж өгнө үү. Гэрээт цагдаа нараас дэмжлэг авч, хяналт шалгалт хийх хувилбар байгаа учраас богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа хийе. Мөн зогсоолыг хэрхэн шийдэх вэ, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн Нийтийн тээврийн газартай ярилцаад шийдээрэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хурд, дууны асуудалд анхаарч өгнө үү. Хууль биелүүлнэ гэдэг шууд хааж бооно гэсэн үг биш. Гэхдээ хуулийг үйлчлэх хугацаанаас нь эхлээд дагаж мөрдөх ёстой. Долоодугаар сарын 1 гэхэд тавигдаж байгаа шаардлагуудаа хангаж чадахгүй бол хөдөлгөөнд оруулахгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тийм учраас нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд аж ахуйн нэгжийнхээ шаардлагыг биелүүлээд 14 хоногийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах шаардлагатай" гэлээ.