Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зургаадугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн баталжээ.
Одоогийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдэж, халдварын нөхцөл байдал тайван бус байгаа аж. Үүнтэй холбоотойгоор өвчний вирус мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин аймагт нэвтрэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор бусад аймгаас Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг 2026 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглохоор шийдвэрлэсэн байна. Хөвсгөл аймаг нь одоогоор мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутагт тооцогдож байгаа бөгөөд энэхүү статусыг хадгалах нь чухал гэж үзжээ. Мөн Булган аймаг, Архангай аймаг, Завхан аймаг аймагтай хил залгаа Тариалан сум, Жаргалант сум, Цэцэрлэг сум, Рашаант сумын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллахаар болсон байна. Аймгийн Онцгой комиссоос иргэд, малчид болон аж ахуйн нэгж байгууллагуудыг холбогдох шийдвэрийг мөрдөн хэрэгжүүлж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллахыг уриалжээ.
