Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.

Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж. Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.




Өнөөдөр луу өдөр

9 минутын өмнө