Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зургаадугаар хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өвчний вирус мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин Хөвсгөл аймагт нэвтрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгуудаас мал, амьтан нэвтрүүлэх, шилжүүлэн тээвэрлэх хөдөлгөөнийг 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хоригложээ. Мөн Булган, Архангай, Завхан аймагтай хил залгаа Тариалан, Жаргалант, Цэцэрлэг, Рашаант сумдын нутаг дэвсгэрт хяналтын цэг байгуулж, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллахаар шийдвэрлэлээ.
