Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Улсын дээд шүүх УИХ болон Ерөнхийлөгчид албан ёсны байр сууриа илэрхийлэхээр болжээ

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Улсын дээд шүүх УИХ болон Ерөнхийлөгчид албан ёсны байр сууриа илэрхийлэхээр болжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан Иргэний хуулийн 508, 511, 230, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлийг тайлбарлах хүсэлтийг тус тус хэлэлцэж,  тайлбарлах зөвшөөрөл олгов.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжтай холбогдох харилцааг зохицуулсан хэм хэмжээг тайлбарлах эсэх асуудлаар нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцээс 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолыг Улсын дээд шүүхэд ирүүлсэнтэй танилцлаа. Үүнээс улбаалан Үндсэн хуулийн цэц болон Улсын дээд шүүхийн хооронд Үндсэн хуулийн институтын эрх мэдлийн хуваарилалттай холбоотой үүсэж буй асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсны байр сууриа илэрхийлэхээр тогтов.

Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяраас ирүүлсэн "Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс ирүүлсэн “Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай анхдагч хуулийн төсөл”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас ирүүлсэн "Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-тэй тус тус танилцлаа.

Харин Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Анараас санал авахаар ирүүлсэн “Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төсөл”-тэй танилцаж, хариу хүргүүлэхээр болов.