Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар нар ГХЯ-нд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсын оюун санааны хөрш бөгөөд “Стратегийн түнш Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Др. С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкарын айлчлал нь төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил болгон хэрэгжүүлэх, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, хоёр улсын хооронд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцлов.

Талууд хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо. Улмаар 2025 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жил, Стратегийн түншлэлийн 10 жилийн ойг хоёр тал ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцаанд түүхэн нэгэн шинэ хуудсыг нээж, “Стратегийн түншлэл”-ийг өргөн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой болсныг мөн онцлов.
Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл гэдгийг онцолж, талархал илэрхийллээ.

Сайд нар худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцан давуу тал, нөөц боломжийг үр ашигтай ашиглан Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хүрээнд түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологи, хүний нөөцийн солилцоог цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцав.
Энэ хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах, хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлдэх чиглэлээр талууд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал, манай улсын агаарын тээврийн компани Энэтхэг Улсын Дели хот руу шууд нислэгийг эхлүүлэхээр бэлтгэж буйг мэдээлж, энэ нь хоёр улсын иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд боловсрол, соёлын хамтын ажиллагаа нь хоёр ард түмнийг холбох бат бөх гүүр болж, харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, энэ хүрээнд тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш нарыг бэлтгэх төсөл эхлүүлэхээр тохиролцов. Улмаар энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянаж буй туршлагаас судалж, хамтран ажиллах саналыг энэтхэгийн тал тавьж ажил хэрэг болгохоор болов.
Гадаад харилцааны сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо. Сайд нар яриа хэлэлцээний дүнгээр хэвлэл, мэдээллийн байгууллагынханд мэдээлэл хийв