Оросын нутаг дэвсгэрийн гүнд Украины нисгэгчгүй онгоцны довтолгоо үргэлжилсээр байна. Ням гарагийн шөнө ОХУ-ын өмнөд хэсгийн Краснодар хязгаарын Славянск-на-Кубани хотын газрын тос боловсруулах үйлдвэр болон баруун бүсийн Ярославль муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны цохилтод өртжээ.
Славянск-на-Кубанийн үйлдвэр нь Оросын өмнөд бүсийн томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилд 4 сая орчим тонн түүхий газрын тос боловсруулдаг. Түүнчлэн Хар тэнгисийн боомтуудаар дамжин экспортлогддог газрын тосны бүтээгдэхүүний чухал эх үүсвэрт тооцогддог юм. Украины цохилтуудын улмаас газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр доголдож, Оросын зарим бүс нутагт бензин, шатахууны хомсдол үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь "хүнд хэцүү цаг үеийг туулж байна" хэмээн анх удаа хүлээн зөвшөөрч, "Бид нисэхийн түлшний экспортыг бүрэн зогсоож байна. Мөн дизель түлшний экспортыг хориглох эсэхийг судална. Дотоодын үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйгаа түлшээр хангах нь нэн тэргүүний зорилт" хэмээн мэдэгдсэн байна.
Энэ нөхцөл байдал Монгол Улсын шатахууны нийлүүлэлтэд нөлөөлөх эсэх асуудал анхаарал татаж байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Энэ хавар УИХ-аар баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр байгаа учраас Монгол Улс экспортын хоригт хамрагдахгүй. Энэхүү гэрээг батлуулахын төлөө багагүй хүчин чармайлт гаргасан. Мэдээж шатахууны өөр эх үүсвэрээс нийлүүлэлт авах талаар яриа хэлэлцээ хийж байгаа. Гэхдээ дэлхий даяар нийлүүлэлт хомс байгаа учраас энэ асуудал амаргүй байна" хэмээн мэдэгджээ.