Наадмын тасалбарын "шаг"-ийн үнэ 600-970 мянган төгрөг болжээ

Наадмын тасалбарын "шаг"-ийн үнэ 600-970 мянган төгрөг болжээ

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр өчигдөр /2026.06.30/ баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ "Баяр наадмын бүх тасалбар болон урилгыг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос тогтоосон үнийн дагуу зарна" гэдгийг мэдэгдээд наадмын тасалбарыг үнэ хөөрөгдүүлж зарж, борлуулахгүй байхыг уриалсан.

Харин өмнө мэдээлж байсанчлан Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөө өглөө /2026.07.01/ enaadam.mn цахим сайтаар 07:00 цагаас худалдаалж эхэлсэн бөгөөд 10 хүрэхгүй минутын дотор тасалбар дууссан гэдгийг иргэд мэдээлж байгаа. Тэгвэл наадмын тасалбар худалдаалж дууссанаас хойш "шаг"-ийн тасалбар худалдаалагдаж эхлэв.  

Өнгөрсөн жилүүдэд наадмын нээлт, хаалтын тасалбар мөн л богино хугацаанд борлуулагдаж дуусаад шагийн үнэ нь 500-700 мянган төгрөг хүрсэн. Тэгвэл энэ жилийн наадмын тасалбар 80 мянгаас 150 мянган төгрөгийн үнээр албан ёсоор худалдаалагдсан ч өнөөдрийн байдлаар шагийн үнэ нь 600 мянгаас 970 мянган төгрөгт хүрч, худалдаалагдаж байна. Тодотговол, цахим сүлжээнд "Наадмын тасалбар авна, зарна" гэх группууд наадмын тасалбар борлуулж буй иргэд, сонирхож буй хүмүүсийн мэдээлэл хөвөрч байгаа юм.